Э.Бат-Үүл мэдэгдэл гаргажээ

Тэрбээр сүүлийн үед түүний нэр хүндэд халдсан, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах болсныг эсэргүүцэж, шалгаж өгөхийг тус газрын дарга Н.Ганболдод мэдэгдсэн байна.
Хотын даргын мэдэгдэлд:
“Сүүлийн өдрүүдэд нийслэлийн удирдлагын шинэ баг, тэр дундаа миний нэр хүнд рүү чиглэсэн цэвэр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл өдөр тутмын хэвлэлүүд, мэдээллийн сайтуудаар дамжин гарах боллоо.
Иймэрхүү ор үндэсгүй гүтгэлэг анх удаа гарч байгаа хэрэг биш. Өмнө нь намаасаа албан тушаал авахыг шунасан нэг этгээд миний нэр хүндэд халдсан мэдээллийг олон нийтэд зохион байгуулалттай цацсан учраас үнэнийг тогтоолгохоор 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хандсан юм.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хууль зөрчиж, хүүгийнхээ компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцуулахаар шалгаруулсан гэх мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газарт шалгуулллаа. Тус газрын дарга, Тэргүүн комиссарН.Ганболдоос 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн албан бичигт “Таныг албан тушаалын эрх мэдлээ урвуулан Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан орчмын гэр хороолын дахин төлөвлөлтийн төслийн сонгон шалгаруулалтад хүү Б.Чулуудайн нэр дээр бүртгэлтэй “Гранд лайн” компанийг шалгаруулсан гэх үйлдлийг шалгахад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь тогтоогдлоо” хэмээн албан ёсоор мэдэгдсэн.
Эхний гүтгэлэг ийн бүтэлгүйтэж, үнэнд гүйцэгдсэн учир хэд хоногийн өмнөөс Налайх дүүрэгт хэрэгжүүлж байгаа “Шинэ Налайх” хорооллыг бүтээн байгуулах компанийг миний охины нөхрийнх, сонгон шалгаруулалтыг намайг хууль зөрчин сонгосон гэх гүтгэлгийг дахин зохион байгуулалттай цацаж эхэллээ.
Тэр тусмаа “Тэлмэн констракшн” компанийн захирал миний хүргэн биш, манай гэр бүлийн нэг ч гишүүн энэ компанитай ямар нэгэн холбоогүй, Нийслэлийн Засаг даргын хувьд сонгон шалгаруулалтад ямар нэг байдлаар оролцоогүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.
Уг сонгон шалгаруулалтыг Налайх дүүргийн удирдлагууд иргэдтэйгээ тохиролцож, зөвшилцөж сонгосон юм байна.

Зохион байгуулалттай тарааж байгаа эдгээр гүтгэлгүүдийг манай багийн хийж бүтээх цагийг барж, шинэчлэлийг дэмждэг хүмүүсийн урмыг хугалах гэсэн хорон үйлдэл гэж дүгнэхээс өөр аргагүйд хүрлээ.
Би Нийслэлийн Засаг даргын хувьд төрийн захиргааны албан тушаалтнуудад авлигаас ангид байх хатуу шаардлага тавин ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хууль зөрчөөгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Эдгээр гүтгэлгийг зохион байгуулалттайгаар тараасан хүмүүс, ямар ч үндэслэлгүй мэдээллийг нийтэлсэн сонин, сайтууд албан ёсоор уучлал гуйхгүй бол хуулийн байгууллагад хандах болно.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2013 оны 12 сарын 10-ны өдөр” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ