"Албаныхан болон ард иргэдийн сэтгэлд сэв суулгаж байна"

“Замын цагдаагийн газрыг ирэх сард татан буулгахаар болжээ” гэсэн нийтлэл мэдээллүүд цахим ертөнцөөр тархаж эхэлсэн. Учир нь замын цагдаа 4600 гаруй албан хаагчтай бөгөөд 60 гаруй хувь нь удирдах албан тушаал эрхэлдгээс татан буулгах шийдвэр гарсан тухай мэдээлсэн билээ. Тэгвэл энэ талаар Замын цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн байцаагч, дэслэгч Н.Пүрэвдоржоос зарим зүйлийг асууж тодрууллаа.

-Замын цагдаагийн газар нийт хэчнээн албан хаагчтай вэ?

-Замын цагдаагийн газар 1990 оны бүтэц орон тоогоор одоог хүртэл албан үүргээ гүйцэтгэж байгаа. 1990 оноос хойш тээврийн хэрэгслийн тоо 8.5 дахин, авто замын сүлжээ 1.4 дахин өсөөд байхад Замын цагдаагийн албан хаагч 0.2 дахин өссөн байдаг. Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд Замын цагдаагийн 822 алба хаагч ажиллаж байгаагаас байцаагч 346, цагдаа зохицуулагч 476 байна. Үүнээс Нийслэл хотод 436 алба хаагч ажиллаж байгаа бөгөөд үүнээс байцаагч 201, цагдаа зохицуулагч 235 байна.

-Удирдах албан тушаалтан 60 хувийг эзэлдэг гэдэг нь үнэн үү?

-Улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж буй нийт алба хаагчдын 6.2 хувь нь удирдах албан тушаалтан байгаа.
МУ-ын Засгийн газрын 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 153 тоот тогтоолоор баталсан “Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив”-т зааснаар 350 автомашин тутамд нэг замын цагдаагийн алба хаагч, 150 км тутамд нэг байнгын хяналтын пост байхаар зааж өгсөн. Энэ тогтоолын хэрэгжилтээр өнөөдөр албан үүргээ гүйцэтгэж яваа замын цагдаагийн алба хаагчдын тоог гурав дахин нэмэгдүүлэх, техник хэрэгслийг 2.8 дахин нэмэгдүүлж байж өнөөгийн нөхцөл байдалд дөхөж очих юм. Гэтэл дээрх мэдээлэл нь нийгэмд Замын цагдаагийн албаны нэр хүндийг унагаах гэсэн, нүсэр бүтэц зохион байгуулалттай, ажил хийдэггүй олон албан хаагч байдаг мэтээр ташаа мэдээлэл тарааж байгаад би их эмзэглэж байна. Өөрөөр хэлбэл, 77 жилийн түүхтэй энэ албаныхан болон ард иргэдийн сэтгэлд сэв суулгаж байна.

-Тэгвэл татан буулгана гэх мэдээлэл хэр бодитой вэ?
- Бүтцийн хувьд ямар ч Засгийн газрын агентлаг удирдлагын шийдвэрийн дагуу нэгдэж, бас салдаг. Гэхдээ үүнийг хүмүүс эмзгээр хүлээж аваад байна. ЗЦГ нь нэгдсэн ч, салсан ч удирдлага зохион байгуулалтыг ЦЕГ хийдэг юм. Бид тушаалаа дагаж тангарагтаа үнэн ч л байх үүрэгтэй.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ