Хан-Уулын МоАХ эрч хүчтэй байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн МоАХ-ныхон ардчилсан хувьсгалын 24 жилийн ойгоо өргөн тэмдэглэлээ. Өнгөрсөн есдүгээр сард тус дүүргийн АН, МоАХ-ны удирдлага Хан-Уулын ИТХ-ын дарга Д.Батбилэгийн гарт төвлөрч, МоАХ-ны залуучууд сүүлийн найман жилд бүх гишүүдийн хурлаа ганц ч удаа хийгээгүй, тайлангаа тавиагүй гэдэг шалтгаанаар хуралдаж, түүнийг огцруулсан билээ.
Түүнээс хойш шинээр сонгогдсон дарга Р.Дамдин идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Ялангуяа ахмад гишүүдийнхээ намтар түүхийг архивжуулж, баримтат кино бүтээх ажлыг “Молор” телевизтэй хамтран хэрэгжүүлж байна.
Мөн МоАХ-нд шинээр элсч буй залуучуудад байгууллагынхаа үүрэг зорилтыг сайтар таниулах, ардчилсан хувьсгалын шинэ шатны зорилтыг ойлгуулахад түлхүү анхаарч, дан ганц сэтгэлийн хөөрлөөр гишүүдийн эгнээг өргөтгөхийг хүссэнгүй. Үүний үр дүнд энэ намар 200 орчим гишүүнтэй байсан Хан-Уул дүүргийн МоАХ одоо 400 гаруй гишүүнтэй болж, чанарын хувьд яггүй чамбайрчээ. Тэдний дунд бизнесмен гишүүд ч цөөнгүй байгаа агаад холбоогоо бэхжүүлэхэд багагүй анхааран тусалж дэмжиж байна.
Тус холбооныхон ардчилсан хувьсгалын 24 жилийн ойгоо угтаж, долоон төрлийн ажил зохион байгуулсны дотор есөн ахмад гишүүндээ орон сууцны батламж гардуулж, 20 гаруй жилийн түүхээрээ баримтат кино бүтээж байгаа нь ахмад, шинэ залуу гишүүдийн залгамж халааг сайжруулахад бодит үлгэр дуурайлал болжээ. Хэдхэн хоногийн өмнө Буянт-Ухаа цогцолборт ойн баярын хурлаа хийж 380 гаруй хүн оролцож, цэнгүүн зохион байгуулав.
Ой угтсан арга хэмжээний дотор уулын явган аялал хийж, зөвхөн гишүүд дэмжигчдээр хязгаарласангүй ардчиллыг талархан дэмжигч дүүргийн иргэдээс ч идэвхтэй оролцсон байна. “Цэцгээр гоёсон Ардчиллын ордон” арга хэмжээнд ялангуяа бүсгүйчүүд ихээхэн идэвхтэй оролцож, ойн ачааллыг зөвхөн төв МоАХ-ндоо үүрүүлэхийг хүсээгүй шүү гэж Р.Дамдин өгүүлэв.
Тэрээр нийслэлийн Хан-Уул дүүргийн МоАХ-ны үе үеийн гишүүд дэмжигчдэдээ ардчилсан хувьсгалын 24 жилийн ойн халуун мэндчилгээ дэвшүүлж, амьдралд нь аз жаргал, ажилд нь амжилт хүсэхийн ялдамд ирэх онд тэмдэглэх 25 жилийн ойгоо угтаж одооноос олон шинэлэг ажлын эхлэлийг тавьж ажиллана гэв.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ