“Атмор” компани ажилчдаа хохироожээ

Халаалт, бохирын систем, цэвэр усан хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Атмор” компанийн нэрийг дуулаагүй хүн ховор биз. Хүн бүрийн чихэнд дасал болсон нэртэй, үндэстэн дамнасан корпораци болох эрхэм зорилготой энэ компани өнөөдөр ажилтай, орлоготой байхыг хүссэн залуу хийгээд ажил хийхээр зовж яваа ядарсан иргэдийг залилсан шиг залилж, ашиг орлогоо нэмэгдүүлсэн шиг нэмэгдүүлж, ажилчдын цалингийн зардлыг хаана ч байхгүй хэмнэж чадаж байгааг холбогдох хүмүүс нь анхааралдаа авах цаг нь болсон гэмээр. Учир нь, тус компани ажлаа хийлгэсэн хүмүүстээ хөдөлмөрийн хөлсийг нь шударгаар өгөхгүй байх явдал түгээмэл гарч байгаа аж. Өмнөговь аймагт цэвэрлэх байгууламжийн тендерийг авсан тус компани туслан гүйцэтгэгчээр долоон хүнийг авч ажиллуулжээ.
Тэд гэрээ байгуулахдаа долоон сая гаран төгрөгийн цалин өгнө гэсэн байдаг ч урьдчилгаа болгож 1,3 сая төгрөг өгөөд дахиж мөнгө өгөхгүй, ажил нь дуусчихсан байхад өнөөдрийг хүртэл санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар ажилчдынхаа цалинг тавихгүй байгаа гэнэ. Туслан гүйцэтгэгч долоон ажилтны хувьд компанийн үндсэн ажилтан биш, тэдний дундаас ахимаг настайгаараа иргэн Н.Наранжаргал бусдыгаа хариуцаж ажилласан бөгөөд одоогоор өдөр бүр тус компанийн үүдийг сахидаг, цалингаа авах шаардлага тавиад элдэв бусаараа дуудуулан доромжлуулж, офисоос нь хөөгдөөд гардаг байдалд шилжжээ. Эдгээр гэрээт ажилчдын гурав нь хөдөө Өмнөговь аймагт байгаа бөгөөд мөн л хийсэн ажлынхаа хөлсийг авахаар өдөр, шөнөгүй бусад руугаа утас цохидог байна.
Гэвч тус компанийн офисын ажилчид очих бүрт өөр өөр хариулт өгдөг болжээ. Сүүлдээ бүр асуудалд ямар ч хамааралгүй Сангийн сайд Ч.Улаанаас санхүүжилт авна гэж тайлбар хийсэн бол өөр нэг өдөр нь “Вагнер Ази” компаниас мөнгө орж ирэхийг хүлээж байна гэж худлаа мэлзсэн аж. Ямартай ч долоон хүн долоон сая гаруй төгрөгийнхөө цалинг авч чадахгүй адлуулж байх энэ зуур өөр бусад хохирогчид ч гарч ирэх төлөвтэй болжээ. Учир нь, Эрдэнэт хотод сүндэрлэж буй “Эко” хорооллын төсөл дээр мөн л тус компани ажиллаж байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийг маш ноцтой зөрчиж, залуусыг цалингүй ажиллуулж залилж байгаа юм билээ.
Тус компани өдрийн 35 мянгаар ажиллуулна хэмээн залуусыг өндөр цалингаар хуурч шөнийн 00 цаг, түүнээс ч цааш цаг сунгаж ажиллуулчихаад хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, байгуулах гэхээр элдэв шалтаг тоочин хэд хоног ажиллуулчихаад цалингийнх нь талыг өгөхгүй халж, дараагийн хүмүүсийг авдаг жишиг тогтоосон аж. Одоогоор л гэхэд 08, 09 саруудад доод тал нь 22, дээд тал нь 55 хоног ажилласан зургаан залуу нийт таван сая гаруй төгрөгийн цалингаа авч чадаагүй суугаа гэнэ. Хөдөлмөрийн хуулинд зааснаар бол хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, эрүүл мэнд, нийгмийн даатгал төлөөгүй газруудад торгууль ногдуулж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх ёстой.
Гэвч Монголын бизнесийн салбарт 10 орчим жил оршин тогтносон багагүй байр суурьтай компани болохоор нь, тэгээд ч цалингаа өгнө хэмээн элдэв зовлон тоочдог болохоор нь хулхидуулсан хүмүүс төдийлөн хуулийнханд ханддаггүй, монгол хүний цэвэр итгэмтгий зангаар өнөөдрийг хүртэл хүлээж, эцэстээ доромжлуулаад сууж байгаа гэнэ. Өдөрт доод тал нь 16 орчим цаг ажилласан залуусыг ийнхүү бөөн бөөнөөр хоморголон итгэлийг нь хөсөрдүүлж, өнөөг хүртэл цалинг нь өгөхгүй байгаа тус компанийг яалтай вэ? Тэгсэн хэр нь улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх болоод бусад гайгүй томоохон төслүүд, тендерт цаг ямагт л тус компани ялалт байгуулчихсан байдаг билээ. Өөрсдийгөө санхүүгийн ямар нэгэн асуудалгүй гэх тайлбар хийх мөртлөө хийж бүтээх сэтгэлтэй залуусыг ийнхүү мохоож орхидог байдал нь газар авсаар, хэд хэдээрээ залуус хохирогч болсоор байна.
Өндөр цалин амлаж залуусыг цаг наргүй ажиллуулан, цалин хөлсөө өгдөггүй тус компани хуулийг гууль болгож ийнхүү дураараа авирлаж буй үйлдэлд хэн цэг тавих ёстой вэ? Лав л компанийн ерөнхий инженер Ганболд гэгчийн хэлж байгаагаар шинэ оноос өмнө цалингаа өгнө гэх, гэхдээ хэвлэл мэдээлэлд ийм аахар шаахар жижиг асуудлаар хандаж байгаа нь утгагүй хэмээн бас л нөгөөх цалингүй, гэрээгүй хэдэн ажилчдыг дарамтлах янзтай. Урсгал усыг ч халаадаг, ер нь бол халаалт, цэвэр усан хангамжийн төрөлд монополь нь хэмээгдэх “Атмор” компанийн ажлын саналаас болгоомжилж, харин хууль хяналтынхан энэ компанийн хуулийг гууль болгосон асуудалд анхаарлаа хандуулахад илүүдэхгүй нь бололтой. Илүү цагийн хөлсөө биш юмаа гэхэд өөрсдийнх нь амласан 35 мянган төгрөгөө бодоод л өдрийн цалингаа бүрэн бүтэн авчих хүсэлтэй ийм залуусын тоо цаашдаа нэмэгдэх хандлагатай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ