“Шинэчлэлийн” Засгийн газрын телевиз


Өнөөдөр МҮОНРТ шинэчлэлийн гэгдэх Засгийн газрын радио, телевизийн горимд бүрэн шилжжээ. Ерөнхий сайдын “шинэчлэлийн баатрууд”-тай хийх уулзалтын урилгыг олон нийтийн телевизийн сурвалжлагч очиж гардуулаад, дараа нь “Элит” төвд тосч авахад засгийн пиар, телевизийн нэвтрүүлэг хоёр бүрэн нэгдсэнийг анзаарч билээ. Хуралдаанаа бямба гаригт хийдэг болсны ачаар Засгийн газраас ямар сайн шийдвэр гаргасныг манай иргэд тэр оройноос эхлэн “Цагийн хүрд”, “Нээлттэй засаг”, “Долоо хоногийн тойм”-оор дахин дахин судалж амралтын хоёр өдрийг зөв боловсон өнгөрүүлж сурч байна.
Сүхбаатар аймагт Засаг дарга Ж.Батсуурь шугам сүлжээ татаж санаачлагатай ажиллаж байгааг Засгийн газар ирэх дөрвөн жил нүргэлэх кампанит ажлын эхлэл болгохоор шийдсэний дагуу олон нийтийн телевиз “Баруун-Уртаас эхэлж байна” цуврал нэвтрүүлгээ УИХ-ын гишүүн М.Зоригтын “Мөнхчулуун” сангийн ивээн тэтгэлгээр эхлүүлэв. Долоо хоногийн дараа Ерөнхий сайд очиж, олон нийтийн телевизээр шөнө дунд өнгөртөл дамжуулсан хэдэн цагийн том шоуг зохион байгуулаад буцсан ч телевиз үлдэж, нийтдээ хориод хоногийн турш Баруун-Уртад ухсан шуудуу, тавьсан труба, өрсөн тоосго, түүнийг өргөж тавьсан хүн болгоныг нэгд нэгэнгүй танилцуулж байж сая нэг өндөрлөв. Бас л багадаж “Амжилтаар дүүрэн он жилүүд” нэртэй дараачийн нэвтрүүлгээр гүйцээж магтлаа. Сайн юманд хүртэл хэмжээ хэрэгтэйсэн.
Олон нийтийн радио, телевиз Засгийн газрынх байхаа хэзээ ч болихгүй юм байна. Уг нь “Ардчилсан засаг” гарч ирэх тоолондоо уяанаас нь сулламаар санагддаг ч тэгдэггүй. Анх 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар Монгол телевизийг олон нийтийн болгохоор заасан хэрнээ “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газар тас тэвэрсээр 2000 онд Н.Энхбаярын “найдвартай” гарт атгуулсан түүхтэй. “Ардчилсан хүчин засгийн эрхэнд гарсан түүхэн хариуцлагатай энэ цагт дураар нь тавьж болохгүй” гэж хээвнэг тайлбарлахыг сонсож байлаа. Одоо дараачийн “түүхэн хариуцлагатай” мөчлөг тохиож буй хэрэг. Зөвхөн 2004 оны сонгуулийн дараа МАХН-тайгаа нэг хөнжилд ормогцоо сая нэг зөөлөрч, олон нийтийн гэсэн пайз зүүж өгөхдөө Үндэсний зөвлөлд нь итгэлтэй хүмүүсээ тэнцүүхэн зоохоо мартаагүй.
Өнөөдөр олон нийтийн радио, телевиз Төрийн ордны цонхоор харж байна. Зарим нэвтрүүлгийг төр, засагтаа бүр тушаачихсан. Ерөнхийлөгчийн ажлыг сурталчилж өгдөг “Сүлд” нэвтрүүлгийг ЕТГ-ынх гэхэд хилсдэхгүй. Улсын Их Хурал, Засгийн газрын “Нээлттэй засаг” нэвтрүүлэг ялгаагүй. Цэргийн асуудлыг БХЯ-ны харъяа “Дуулга” студи олон нийтийн телевизийн өмнөөс хийж өгдөг. Монголд гэмт хэрэг болон түүнтэй тэмцэж байгаа цагдаагийн ажил Сайнжаргал хурандаа нээж хаадаг “Дуулга” студийн хэлснээр болдог. Ингээд МҮОНРТ төр засгийн, яахав энэ удаад “ардчилсан” засгийн үргэлжлэл, сурталчилгааны алба болчихож байгаа юм. Хуулиараа бол зөвхөн дайн байлдаан, гамшиг зовлон тохиолдвол төр засаг юу хүссэнээ хийх эрхтэй. Өнөөдөр хааяа нэг ороо бусгаа хэдий ч тайван цаг.
“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр өөрийгөө “олон нийтийн дуу хоолой”-гоор өргөмжлөөд удлаа. Мөрөөдөх сайхан, гэхдээ төр, засгийн дуу хоолой гэвэл үнэнд ойртоно. Уг нь мэдээ, сурвалжлагууд хэн нэгний дуу хоолой байх албагүй. Одоо эсвэл “гэгээтэй”, эсвэл “таатай” гэсэн хоёрхон төрлийн мэдээ, сурвалжлага явж байна. Хөтлөгч нь “Бидэнд таатай мэдээ байна … ” гээд нялуурч эхэлнэ дээ. Уг нь мэдээ бол мэдээ. Иргэн мод тарьсан, компани бизнес хийсэн болгоныг бүтээн байгуулалтаар цоллож, дараачийн мөчид Засгийн газрын мөрийн хөтөлбөр амжилттай хэрэгжсэн жишээнд бүртгэчихнэ. Саяхны нэг ослыг мэдээлэхдээ, Засгийн газраас олон чухал арга хэмжээ авч байгаа билээ, харин … гэсэн утгатай оршил хэлж сонсогдсон. Хэн ч буруутгаагүй байхад шүү! Хуучин цагийн “Нам, засгийн зөв мэргэн бодлогын ачаар …. ” санагдав.
Энэ Засгийн газар бол “шинэчлэлийн” биш. Яагаад гэвэл Монгол Улсын хуулиар тийм засаг байхгүй. Эрхэм сайдууд өөрсдийгөө яаж дөвийлгөж сүржигнэх нь тэдний хэрэг. Гагцхүү хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид тоть адил давтаж болох уу? Тэр тусмаа олон нийтийн радио, телевиз. Хэрвээ Засгийн газрын радио, телевиз мөн бол үргэлжлүүлээд байж дээ.
Д.Цэрэнжав, сэтгүүлч
Эх сурвалж: “ТВ 7 хоног” сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ