Ухаангүй төрд урагшгүй сэтгүүл зүй

Ерөнхийлөгч ухаалаг төр лүү шилжих реформ хийх мессежийг нийгэмд өгч, улстөрчид, бизнесменүүд уухайлан дэмжиж, олон нийт ч талархалтай хүлээн авч байгаа.

Харин өөрсдийгөө дөрөв дөх засаглал хэмээн дөвийлгөдөг манай хэвлэл мэдээллийнхэн дөнгөж саяхан олны дунд жаахан элэг доог болох эвгүй явдалд орооцолдож орхив.

Юу гэвэл, Монгол HD телевизийнхэн дэлхийд алдартай McDonalds түргэн хоолны сүлжээ Монголд салбараа нээлээ гэсэн мэдээг манай урдаа барьдаг телевиз, сонин, сайтуудад төлбөртэй тараасныг шууд нийтэлжээ.

Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг арилжааны бус МҮОНТ хүртэл 500 мянгаар уухайн тас шүүрч аваад үнэн, худлыг нь лавлалгүй цацаж орхисон нь хачирхалтай. Монгол HD-гийн ёс зүйгүй дэгээнд МҮОНТ мөн л ёс зүйгүй хандсан нь ерээд оноос хойш сэтгүүлчдийн нийгэмд тарьсан хог эргээд өөрсдийнх нь толгой дээр бууж буйг харууллаа хэмээн олон нийт шуугиж эхлэв.

Үнэхээр ч ухаангүй төрийн сүүдэрт урагшгүй сэтгүүл зүй оршиж байна уу. Сэтгүүлчид улстөрчдийн балгаар хоточ нохойн үүргээ умартаж, хэний хоолыг иднэв түүний төлөө хуцдаг болсон гэхэд заримдаа хилсдэхгүй.

Иймээс сэтгүүлч Ерөнхийлөгч маань ухаалаг төрийн төлөө реформын хүрээнд үзэг нэгт нөхдөө улстөрчидтэй биш, бизнесменүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуул, аж ахуйн нэгжүүдэд ашигтай, тэдний хөгжлийг дэмжих ямарваа санаа бодлыг хэвлэл мэдээллээр дэмжүүлж байх ёстой. Үр дүн нь УИХ-ын гишүүдэд хүрч, улмаар хууль батлагдах явдал гэж ойлгож болно. Хүнээ олж нөхөрлө хэмээн нөхөрсгөөр сануулж байна.

Саяхан МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид 2014 оноос шантаажны сэтгүүл зүйтэй тэмцэнэ гэж хэлсэн нь санамсаргүй үг биш. Сэтгүүлчид, баялаг бүтээгчид ил тод хамтарч ажиллах цаг болсон гэдгийг онцолсон. Энэ бол мөнөөх ардын дуунд өгүүлдэг шиг арван лангийн ембүүнд алгаа тосоод байхгүй, харилцан ашигтай хамтын ажиллагаанд үндэслэж, ёс зүйгүй аргаар мөнгө олдог амь зуух аргыг халнаа гэсэн үг болов уу.

Нэгэн үе цэцэглэсэн шар сонины үе мултарсан шиг улстөрчдийн угжсан захиалгат сэтгүүл зүй шантаажны гэсэн сүүлчийн тодотголтойгоор амьсгал хураах нь. Ядуу хүний зовлон их ч сэтгүүлчид маань одоо үзэгнийхээ оронд хэсэгхэн зуур ч болов шүүр барих цаг ирж.

Олон нийт эмх замбараагүй мэдээллээс тархиа амраахыг хүсч байна. Тэд мэдээллийг мэдлэг болгохыг зорьж байна. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бүтээгдэхүүн нийгэмд үнэн, зөв, бодитой байхаас гадна ашигтай, оновчтой байхыг цаг үе шаардаж байна.

Манайхны гараас гарсан зөв бичих дүрэм, найруулгын өч төчнөөн алдаа бүтээгдэхүүний маань чанарыг гологдол болгож байгаа шиг бид гологдол болгоноос ангижрах ёстой. Сэтгүүлч хүн эхлээд хүний мөстэй байх учиртай. Нэг сэтгүүлчийн мөс хайлахад мянган сэтгүүлчийн нэр хүнд урсч байна. Дөрөв дэх засаглалын дотоодод ялгарал гарч, шалгарлаар үлдэх цаг айсуй.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ