48-р сургуулийн сурагчид дүрэмт хувцаснаасаа хордсон уу

Энэ сарын 9-ний 17.30 цагийн үед Баянзүрх дүүргийн48 дугаар сургуулийн зургадугаар ангийн сурагчдын дунд үл мэдэх өвчин гарсан мэдээлэл ХӨСҮТ-д ирсэн байна. ХӨСҮТ-ийн ерөнхий захиралын шийдвэрээр долоон хүнтэй эмч нарын баг гаргаж ажиллажээ. Халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Тус сургуулийн 12.00 цагаас хойш ордог хүүхдүүд хоёрдугаар цагаасаа эхлээд 2-3 хүүхдийн хүзүү гаран дээр цэврүүтэй тууралт гарсан байгаа юм. Дараа нь 4-5 гэж нэмэгдээд 20-иод хүүхэд өвдсөн байсан. Хүүхдүүдийн биеэр юм туурна, үеэр өвдөнө, булчин өвдөх, бөөлжих шинж тэмдэг илэрч байсан. Нэг ангийн 33 хүүхдээс 21 нь өвдсөн байлаа.

Тус ангид өрхийн эмч очиж урдчилсан үзлэг хийснээс харьцангуй гайгүй болж биднийг очиход 16 тууралттай хүүхэд байсан. Тэдгээрт үзлэг хийж найман хүүхдийг ХӨСҮТ-д хэвтүүлсэн юм. Энэ өвчлөлийг хурц халдвар гэж үзэхгүй байгаа. Олон хүүхдийг хамарсан үл мэдэгдэх хордлого байна гэж ЭМЯ-нд мэдэгдсэн. Найман тууралт гарсан хүүхдүүдэд шөнө хордлогын эмчилгээ хийсэн. Одоо хүүхдүүдийн биеийн байдал гайгүй байгаа. 10-ндурьдчилсан шинжилгээ хийж үүнийг химийн бодисоос шатлгаалсан хордлого байна гэж үзсэн. Одоо хүүхдүүдийг эх нялхаст шилжүүлсэн байгаа. Энэ талаар мэргэжлийн хяналтын газар, онцгой байдлын газарт мэдэгдсэн" гэсэн мэдээлэл цацагдсан.

Харин Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран тус сургуульд шалгалт хийсэн байна. Шалгалтаар химийн бодисоос хордсон нь тогтоогдсон. Гэхдээ уг ангийн хувьд Монгол хэлний кабинет. Хэрвээ химийн кабинет байсан бол дээрх дүгнэлтэд санал нийлэх байсан.

Хачирхалтай нь уг химийн бодис нь сурагчдын дүрэмт хувцаснаас ялгарсан гэх мэдээллийг ойрын эх сурвалж өглөө. Харин энэхүү мэдээллийг Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтынхан нуун дарагдуулах гэж байгаа гэсэн мэдээллийг ч бас өгсөн юм. Харин тус сургуулийн удирдлагын зүгээс бол энэхүү мэдээллийг эрс үгүйсгэж байгаа. Тэдний мэдээлж байгаагаар “бид шинэ форм өмсдөггүй, хуучин формоо өмсч байгаа” гэсэн юм.

Одоогийн байдлаар яг аль формоос ийнхүү химийн хорт бодис ялгарч хордсон болох нь тогтоогдоогүй байна. Өмнөх жилийнх үү, энэ жилийн шинэ формоос ийнхүү хорт бодис ялгарсан эсэхийг удахгүй тогтоох аж.

Энэ талаар бид эргэн сурвалжлах болно.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ