АТГ-т 17 хэргээр 24 төрийн албан хаагч хэрэгтнээр татагджээ

АТГ-аас төрийн байгууллагуудын 2013 онд авлигын эсрэг авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааныүнэлгээний дүнг танилцууллаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр АТГ-ын захиалгаар “MDS” ТББ болон “Онч шийдэл” ТББ-ын судлаачид хөдөө орон нутаг, яам, агентлагууд, төрийн өмчит аж ахуй нэгж, компаниудад шалгалт хийсэн байна.

АТГ-аас боловсруулсан 92 шалгуураар үнэлсэн энэхүү шалгалт нь энэ төрлөөр хийгдэж буй анх удаагийн үнэлгээний шалгалт аж. Хамгийн гол шалгуур нь цахим хуудсандаа мэдээллээ ил тод байршуулах юм байна. Гэтэл ИНЕГ, ОБЕГ, Оюуны өмчийн газар шалгалтын хугацаанд цахим хуудсаа ажиллуулаагүй гэнэ.

Мөн авлигатай тэмцэх төлөвлөгөө, хөрөнгө гаргаж хэрэгжүүлэх санал асуулгаар Төрийн албаны зөвлөл, Эрчим хүчний яам, Гаалийн ерөнхий газар, Монгол банк, Гадаад харилцааны яам, Оюуны өмчийн газар хамгийн муу гэсэн үнэлгээг авчээ. Монголд 4635 төрийн албан хаагч байгаагаас 200 албан хаагч тутмын нэг нь яллагдагчаар татагджээ.Үүний зэрэгцээ төрийн байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын дунд санал асуулга явуулсан байна. Энэхүү санал асуулга нь тухайн байгууллагын удирдлагууд авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл хэр байна вэ гэдгийг тандах зорилготой аж. Өнгөрсөн онд танай байгууллагын удирдлагууд та бүхэнтэй авлигын эсрэг яриа хөөрөө хэдэн удаа өрнүүлсэн бэ гэдэг асуултанд 21.7 хувь нь огт яриа өрнүүлээгүй гэж хариулсан нь энэ төрлийн сургалт сурталчилгааны ажил байгууллагуудын удирдлагын төвшинд хангалтгүй байгаагийн нэг илрэл болжээ.

АТГ-аас хөдөө орон нутгийн байгууллагуудын авилгын эсрэг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд үнэлэлт өгөх судалгааг“Онч шийдэл” ТББ-ын шинжээчид хийж гүйцэтгэсэн байна. Дүгнэлтээр авлигын эсрэг хамгийн сайн арга хэмжээ авсан аймгаар Орхон, Дундговь, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар шалгарсан байна.

Энэ онд АТГ-ын мөрдөн байцаах газарт 17 хэргээр 24 төрийн албан хаагч хэрэгтнээр татагджээ. Үүнээс товч дурдвал ИНЕГ-аас тав, Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын ерөнхий газраас гурав, Газрын тосны газрын албан хаагч шалгагдаж байгаа юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ