Оюутны загвар хоолны газар нээгдлээ


ШУТИС-ийн удирдлагууд өнөөдөр хичээлийн нэгдүгээр байрандаа “MEAL+” нэртэй оюутны жишиг хоолны газар нээлээ. Улс, эх орны ирээдүй болсон оюутан залуусын хамгийн эрхэм үнэт зүйл бол эрүүл мэнд. Тиймээс тус сургууль “Сургуулийн гуанз” гэх ойлголтыг халж, оюутан бүрийн бие организмд тухайн өдөр ямар эрдэс дутагдаж бас илүүдэж байгааг үндэслэн хоолыг нь өгөх шинэ технологи нэвтрүүллээ.
Жишээлбэл, “Meal+” хоолны газарт орж ирсэн хүн бүр юун түрүүнд гараа ариутгана. Түүний дараа ресепшний хажууд байрлуулсан ухаалаг төхөөрөмжинд бичил шинжилгээ өгсөний дараа үйлчлүүлэгчид тухайн өдөр ямар хоол идэж болох, болохгүйг дэлгэцээр дамжуулан зөвлөнө. Зөвлөгөөний дагуу сонгосон хоолоо тэрхүү дэлгэцийг ашиглан захиалсанаар удалгүй хоол бэлэн болно. Өдөр бүр ингэж хооллосноор өөрийн бие организмд яг тохирсон хоол идэх нь эрүүл байх үндэс суурь нь болж өгнө гэж сургуулийн удирдлагууд үзсэн байна. Мөн 120 суудалтай хоолны газраас гадна өдөрт 1000 хүнд үйлчлэх хүнсний дэлгүүр, 36 суудалтай кафе зэргийг ажиллуулж эхэллээ.
Хоолны газрын менежментийг БНСУ-ын Сү Янг катеринг компанийн Хоолзүйч гурван мэргэжилтэн, ШУТИС-ийн Хоол үйлдвэрлэл үйлчилгээ, шим судлалын мэргэжлийн хүмүүсийн баг зохион байгуулах юм.
Оюутны жишиг хоолны газрыг технологийн дагуу шинэчлэн зохион байгуулахад улсын төсвөөс 280 сая төгрөг, хоол үйлдвэрлэлийн болон кафены тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд БНСУ-ын Сү Янг катеринг компаниас 120 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ