Хаа сайгүй шиншлэх байгууллагууд буюу контор (2-р хэсэг)

Ойролцоогоор XX зууны дунд үеэс ганцаар зүтгэгч супер тагнуулуудын алдар нэрийг тусгай албад булаах болсон юм. Магадгүй, тэр үед л тэдгээр байгууллагуудыг гудамжны хэллэгээр “конторууд” гэж нэрлэсэн биз ээ. Ямар ч байсан Израиль улсын улс төрийн тагнуулын албыг яах ч арга байсангүй. Иврит хэлээс орчуулах юм бол “Моссад” гэдэг нь байгууллага буюу энгийнээр контор гэсэн үг юм.

1965 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Өмнөд Америкт Рига хотын геттогийн эзэн Герберт Цукурс алагдсан билээ. 1979 онд Бразил улсын нэгэн наранд шарлагын газар очиж усанд орж байсан Освенцим хорих хуарангийн ерөнхий эмч асан “Үхлийн доктор” хочтой Йозеф Менгеле маш сонин байдалд живж үхсэн аж. Түүний үхлийг зарим нэг хэвлэлүүд “Моссад” байгууллагын явуулсан ажиллагааны үр дүн гэж үзжээ. Алан хядлагаас гадна “Моссад”-ын үүрэгт ажилд өөр бусад илүү “нарийн” зорилтууд багтдаг юм.

Жишээ нь, Израиль улсын хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөрийг уранаар хангах явдал. Энэ цогц арга хэмжээнүүдийг “Моссад” байгууллага олон жилийн туршид явуулсан билээ. Эхлээд тэд 1960-аад оны эхээр АНУ-ын Пенсильвани муж дахь үйлдвэрээс 50 килограмм зэвсгийн уран хулгайлжээ. Удахгүй АНУ-аас гаргасан өндөр баяжуулсан ураны хэмжээ 267 килограммд хүрсэн аж. 1960-1970 онуудын хооронд “Моссад” халхавч пүүсүүдээр дамжуулж дэлхийн олон орноос ураны 200 орчим тонн түүхий эд худалдан авчээ. Энэ ажиллагаанд АНУ, Бельги, Герман, Конго, ӨАБНУ болон Либерийн компаниуд, улс төрийн зүтгэлтнүүд оролцсон юм.

“Өрсөлдөгч” улс, орнуудын цөмийн хөтөлбөрийг тасалдуулах ажлыг мөн “Моссад” хийж байжээ. 1981 оны зургаадугаар сарын 7-ны өдөр Израилийн агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцнууд Иракийн цөмийн реактор руу халдсан явдал үүний зөвхөн ганц жишээ билээ. Үүний өмнөхөн 1979 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Францын нэгэн үйлдвэр дээр дэлбэрэлт болжээ. Тэр ажиллагаа Ирак руу илгээгдэхэд бэлэн болоод байсан хоёр реакторыг устгасан гэдэг. 1980 оны зун Иракийн цөмийн хөтөлбөрийн гол оролцогчдын нэг Яхья эль-Мешад Парис хотын зочид буудлын нэгэн өрөөнд нас барсан юм. Түүний үхэл гэнэтийн зүйл болсон билээ.

Дараа нь Ираны нэртэй цөмийн физикчид учир битүүлгээр алга болох юм уу нас барж эхэлжээ. Ираны цөмийн хөтөлбөрийн лабораториуд болон туршилтын төхөөрөмжүүд шатах юм уу дэлбэрч байлаа. Гол хөдөлгөх төхөөрөмжүүд нь ажиллагаагүй болж эхлэв. Сири улсын цөмийн хөтөлбөр болон Иран, Умард Солонгос, “Хезболла” байгууллагуудтай харилцах харилцааг Ерөнхийлөгч Асадын ойрын туслах генерал Сулейман хариуцаж байсан аж. Реактор нь устгагдсаны дараа тэрбээр цөмийн хөтөлбөрөө сэргээхэд бэлтгэж байсан юм. Энэ чухал ажлын өмнөхөн тэр амралтаа аваад Тартус хот дахь далайн эрэг дээрх байшиндаа зочдыг урьсан байна. Тэд тагтан дээр зассан ширээний ард сууцгаан найрлаж байлаа. Энэ үеэр эрэг дээр мэргэн буудагчийн буутай хоёр шумбагч гарч ирснийг тэд анзаарсангүй. Найр ид үргэлжилж байтал гэрийн эзэн гэнэт өмнөх тавган дээрээ нүүрээ наажээ. Сум түүний яг духанд туссан байна.

“Хамас” цэргийн байгууллагын тэргүүн Махмуд аль-Мавхух өнөөдөр үгүй болжээ. 2010 оны нэгдүгээр сард Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод түүнийг хороосон билээ. Энэ хэрэг дэндүү их шуугиан дэгдээсэн юм. “Моссад”-ын туршуулууд тус хотын хяналтын камеруудад олноороо өртсөн гэдэг. Тэр үед “Моссад” байгууллага бүтэлгүйтэв, бохир ажиллалаа гэх мэтээр хэвлэлүүд бичиж байв. Тэгвэл өөр нэг хувилбар буй. Тус байгууллагын ажилтнууд хяналтын камерууд байдаг гэдгийг мэдээгүй нь юу л бол. Израилийн нэгэн пүүс тэдгээрийг суурилуулсан гэх яриа хүртэл байдаг билээ. Камерууд бүх туршуулуудыг болон тэдний юу хийж байсныг бичиж авсан аж. Харин хэн, хэзээ Мавхухын өрөөнд явж орж даалгавар гүйцэтгэснийг бичиж аваагүй байна. Хамгийн гол зүйлийг камер бичиж аваагүй нь сонирхол татна. 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ираны өөр хоёр цөмийн физикч эрдэмтэд адил төстэй аргаар хороогджээ. Тэднийг дэлбэлсэн юм. “Санди Тайм” сонин яагаад ч юм эдгээрийг Даганы “Үдэлтийн бэлэг” хэмээсэн билээ. 2011 оны нэгдүгээр сарын 5-нд тэрбээр огцорчээ.

Мэдээж, үйл явдлаар баян “Моссад”-ын түүхэнд алдаа оноо байсан юм. Ийм нэг томоохон, шуугиан дэгдээсэн алдаануудын нэг нь дайны хугацааг буруу тооцсон хэрэг билээ. 1973 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Египт, Сири улсууд Голаны өндөрлөгүүд рүү давшилтаа эхлүүлжээ. Израиль улс ноцтой хохирол амссан аж. Энэ хохирлын буруутан нь “Моссад”-ын авсан худал мэдээлэл байв. Нэгэн египт хүн “Моссад”-ыг төөрөгдүүлсэн бөгөөд цэрэг, дайны ажиллагаа хэзээ эхлэхийг мэдээлээгүй байна. Цэргийн тагнуулын “Аман” байгууллага дайн удахгүй эхэлж магадгүй талаар анхааруулсан хэдий ч “Моссад” египт туршуулын мэдээлэлд тулгуурлан үүнийг үгүйсгэсэн гэдэг.

1973 оны долоодугаар сард “Моссад”-ын тусгай отряд Норвегийн Лиллехаммер хотод очсон аж. Тэнд Улаан ханхүү хочоороо алдаршсан “Хар есдүгээр сар” бүлэглэлийн тэргүүн Абу Хасан Саламех очсон гэх мэдээллийг Израилийн тусгай албад авчээ. Долоодугаар сарын 21-ний өдөр “Моссад”-ын ажилтнууд Улаан ханхүүг устгах ажиллагааг явуултал тэдний суманд оногдож алагдсан хүн нь Марокко улсаас гаралтай зөөгч Ахмед Бухики гэдэг хүн байсан нь тодорхой болов. Цагдаа нар “Моссад”-ын туршуулуудыг амархан илчилсэн бөгөөд зургааг нь баривчилж, янз бүрийн ял оноожээ. Байцаалтын явцад тэдний явуулсан олон ажиллагааны зах зухаас мэдэж авсан аж.

1973 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Израиль улсын агаарын хилийг Libyan Arab Airlines агаарын тээврийн компанийн Boeing 727 нисэх онгоц зөрчсөн билээ. Уг онгоцны нисгэгч албаар чиглэлээ өөрчилсөн бөгөөд түүний зорилго бол Димон дахь цөмийн реактор гэж Израилийн тусгай албад таамаглав. Тиймээс уг нисэх онгоцыг сөнөөжээ. Онгоцонд зорчиж явсан 100 гаруй хүн болон багийн гишүүд амь үрэгдсэн юм. Ливи улс онгоцоо Синай дээгүүр ниссэнийг удирдлагын төвийн алдаа байсан хэмээн тайлбарлажээ. Хэрэг явдлыг мөрдөн шалгасан ажлын хэсэг хил зөрчсөн шалтгааныг нисгэгчдэд тохов.

1997 оны есдүгээр сарын 25-нд Амманд “Моссад” байгууллагын хоёр туршуул Канадын иргэний бичиг баримттай явж байгаад “Хамас” бүлэглэлийн цэргийн жигүүрийн тэргүүн Халед Мешалын чихэнд фентанел гэдэг хорт бодисыг цацаж орхижээ. Гэвч тэдгээр тагнуулчид саатуулагдсан юм. Томоохон шуугиан дэгдэв. Иорданы хаан Хусейн тэдгээр туршуулуудыг дүүжилнэ гэж айлгажээ. Маргааш өдөр нь тус улсад Израилийн төлөөлөгчид газардсан бөгөөд алан хядагч эрийн хорыг тайлах эм бэлдмэл авчирсан байна. Мөн Израиль улс 1989 оноос хойш хорионд байсан “Хамас” бүлэглэлийн үндэслэгч шейх Ахмед Ясиныг шоронгоос суллажээ. Түүнтэй хамт олон арван алан хядагчдыг чөлөөлсөн аж. Ингэснээр хоёр туршуулаа чөлөөлж авсан билээ.

1998 оны хоёрдугаар сард Швейцарь улсад “Моссад” байгууллагын таван туршуулаас бүрдсэн бүлэг баривчлагдсан түүхтэй. Тэд Иран улсын дипломатын яриаг чагнаж байсан юм. Хэвлэлүүдийн мэдээлснээр бол тэд “Хезболла” байгууллагатай холбоотой ажилладаг хоёр бизнесмэнийг хороох даалгавартай байсан гэнэ. Төдөлгүй дөрвийг нь тавьж явуулжээ. Тэрхүү баривчилгаа сөрөх тагнуулын албаныхны явуулсан ажиллагаа биш байсан аж.

Зүгээр л тэндхийн нэгэн оршин суугч эмэгтэй сэжигтэй хүмүүсийг хараад цагдаа нар руу утасджээ. Үүний үр дүнд Израилийн Гадаад хэргийн яам Швейцарийн засаг захиргаанаас албан ёсоор уучлал хүссэн бөгөөд “Моссад”-ын тэргүүн Дани Ятом огцорсон билээ. 2000 оны долоодугаар сард “Моссад” байгууллагын баривчлагдсан ажилтанд Швейцарь улсын шүүх нэг жил тэнсэн харгалзах ял оноосон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ