"Тавдугаар ангийн хүүхэд эрүүлжүүлэгдсэн"

Нийслэлийн Цагдаагийн газраас санаачлан “Эцэг эхчүүдээ хүүхдийн дэргэд архигүйгээр баяр тэмдэглэцгээе” уриалгыг Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн хүүхдийн төлөө газартай хамтран гаргаж байна.

Аливаа баяр наадмыг архи ууж тэмдэглэх нь хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал үзүүлж, баяр гэхээр л архи уух ёстой юм байна гэсэн ташаа ойлголтыг өгч байгаа нь сүүлийн үед сурагчид баяр ёслолыг далимдуулж архи согтууруулах ундаа хэрэглэдэг болсноос харагдаж байна.

Нийслэлийн цагдаагийн газрын чиглэлийн ахлах байцаагч Б.Баатархүү хэлэхдээ "Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулж хэлэхэд энэ баяр бол хүүхдийн үлгэрээс амилсан, олон баатруудтай олон үйл явдлыг агуулсан хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон үлгэрийн баатрууд амилсан баяр. Жишээ нь өвлийн өвгөн гэдэг дүрээр хүн бүр бие биедээ бэлэг өгөхийг уриалж, цасан охины дүрээр сайн сайхан бүхэн үргэлж ялдагийг илэрхийлж байгаа нь энэхүү баярын гол үнэ цэнэ оршдог. Иймд эцэг эхчүүддээ анхааруулж хэлэхэд шинэ жилийн баяр бол архи уудаг баяр биш юм. Архи гэдэг энэ хороос болж өнөөдөр хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, олон сайхан гэр бүлүүд үр хүүхэд, хань ижлээ зуурдын үхэлд өртүүлж байна. Сурагчид хүртэл архи ууж баяр тэмдэглэж эхлээд байгаа сэтгэл зовоосон, айдас төрүүлэм мэдээ мэдээлэл байсаар байна. Жишээ дурдахад тавдугаар ангийн хүүхэд эрүүлжүүлэгдсэн тохиолдол байна. Энэ маш ноцтой жишээ." хэмээсэн юм.

Иймд Монголын сурагчдын холбоо нийт сурагчдынхаа нэрийн өмнөөс ээж ааваасаа, ах эгч нараасаа, ядахдаа хүүхдүүдийнхээ дэргэд архигүй баяраа тэмдэглэдэг болцгооё хэмээн уриалж байна.

Нийслэлийн хэмжээнд 2012 оны арванхоёрдугаар сард согтуугаар 250 гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас 214 хүн хохирсон. Мөн 5396 хүн эрүүлжүүлэгдсэний дотор 2339 хүн гэртээ танхайрсан хэргээр эрүүлжүүлэгдсэн байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ