Сэтгэл дотроо цоожлон хадгалдаг сайхан үгсээр яах ч билээ

Бариад, базаад, атгаад авчихаж болдоггүй хирнээ хэн нэгний хэлсэн ганц хоёрхон сайхан үгнээс, цайны цагаар уншсан хэдхэн хуудас номноос, айлийн эгчийн дүүдээ хандаж буй хандлагаас, гудамжаар зөрөөд өнгөрөх танихгүй бүсгүйн инээмсэглэлээс мэдрээд үл зогсон бусад хүмүүст эргүүлэн өгдөг тэр л мэдрэмж амьдралд агуу байрийг эзэлсээр иржээ.
Үгээр хүнийг үхүүлж бас амьдруулж ч болно гэдэг дээ. Бид “баярлалаа, талархалаа, сайн байна, амжилт хүсье, сайхан болжээ, мундаг шүү, авяаслаг ухаалаг сэргэлэн” гээд хүнийг амьдруулж болохоор ийм олон сайхан үгнүүдийг мэддэг, үүнээс ч сайхан үгнүүд байгаа.
Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа. Хайрт минь, би чамдаа маш их хайртай шүү, Хүү минь чамаг сайн хүн болж байгаад би үнэхээр баяртай байгаа шүү, Миний төлөө гаргасан сэтгэл, хийж чадсан бүхэнд тань аав ээж та 2-тоо үнэхээр баярлан биширч явдаг шүү,Найз минь чиний халуун сэтгэлийн илчийг мэдэрч байгаадаа би үнэхээр баяртай байна, Таны дэмжлэг надад их хэрэг боллоо. Танд их баярлалаа гэхчилэн чин сэтгэлээсээ хэлж байх талархал, урмын сайхан үгс бидэнд үнэхээр дутагдаж байна.
Монголчууд бид харилцаж байгаа хүн рүүгээ хөмсгөө зангидан, нүдээ хурцалж харах нь "эрэлхэг дайчин" эсвэл "эрх мэдэл"-ийн илэрхийлэл мэтээр төсөөлдөг үзэгдлээсээ салах цаг болжээ. Өөрт хичнээн хэцүү байсан ч бусад руу эелдгээр инээмсэглэж байх нь бусдаас хариу инээмсэглэл авч тэр хэрээрээ эерэг сайхан энергийг өөртөө шингээдэг. Талархал урмын сайхан үг сонссон хүний нүүрэнд инээмсэглэл тодорч жаргалтай сайхан харагддаг.
Зарим хүмүүс, төрүүлж өсгөж, өдий зэрэгт хүргэсэн аав ээждээ баярлаж талархсан сэтгэлээ, урам талархлын сайхан үг хэлж байгаагүйдээ хожим харамсдаг. Хэзээ хойно, өөрсдөө аав ээж болж, үр хүүхдийнхээ сайн муу үйлдлийн төлөө, баярлаж шаналах үедээ, "ингэж л зовж, шаналж явсаны нь төлөө, аав ээждээ нэгэн сайхан үг хэлж баярлуулж чадсан билүү?"гэж бодох.
Аав ээждээ магтуулж, сайхан үг сонссон бяцхан хүүхдийн нүд нь очтон гялалзаж, өөрөө ч мэдэлгүй хөөрч онгирох нь үнэхээр өхөөрдмөөр хөөрхөн харагддаг. Монголчууд бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун.
Өглөө ажил, хичээлдээ ирэхдээ тэр өдрийг хамтдаа өнгөрөөх хүмүүстээ сайхан инээмсэглэн мэндчилж, урам талархлын сайхан үгс хэлэлцэх нь тэр өдрийн ажил бүтэмжтэй сайхан болохын эхлэл болно.Өглөө ажилд явах, орой ажлаасаа ирэхдээ сайхан хань, хайртай хүүхдүүдээ байнга үнсэж , баяртай сайхан үгс хэлэлцэж байх нь " нялуурч" байгаа хэрэг огтхон ч биш. Сэтгэлийн сайхан энергийг харилцан бие биедээ өгч байгаа хэрэг.
"Би даан ч сайхан ярьж чаддагүй юм л даа. Түүнээс бишдотроо бодож л явдаг"гэж зарим нь өөрсдийгөө өмөөрөн тайлбарладаг. Гоё сайхан, уянгалаг яруу үгс бус, хүний сэтгэл зүрхнээс гарч буй чин сэтгэлийн үг л хүний сэтгэл зүрхэнд хүрдэг юм. Гадагшаа гаргадаггүй, сэтгэл дотроо цоожлон хадгалдаг сайхан үгсээр яах ч билээ. Монголчууд бидний эвтэй байхын гол үндэс нь бие биедээ урмын сайхан үг хэлж, сайхан инээмсэглэж, баярлуулж, хүндэлж байх явдал шүү. Чулууг чулуу хагалж, харин голын ус мөлийлгөдөг билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ