“Тайгам Алтай” компанийг шалгаж өгөхийг хүссэн иргэд олон байна


- “Алтай” хотхоны асуудал ар араасаа ундарсаар... “Тайгам Алтай” компани Нарны гүүрний баруун талд, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Алтай хотхон” гэсэн бүтээн байгуулалтыг хийж, энэ ажлын хүрээнд нийт 3000 айл өрхийг орон сууцанд оруулах төсөл хэрэгжүүлж байгаа. Одоогийн байдлаар тус хотхонд 1000 гаруй айл оршин сууж байгаа бөгөөд “Тайгам Алтай” компанийн зүгээс ашиг олохыгоо илүүд үзэж, оршин суугчдын амьдрах нөхцөл, ирээдүй, мөнгөнд огтхон ч санаа зовдоггүй газар гэдгээ харуулсаар байгаа аж. Хамгийн сүүлд л гэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тус хотхоноос метр квадратаа буруу тооцуулсны зөрүү мөнгөө нэхэмжилж өгөхийг хүссэн иргэд хэдэн арваараа хандаад байгаа юм байна. Тус компанийн “Алтай хотхон”-ы эхний ашиглалтад орсон байруудыг хүмүүс чанар сайтай хэмээн цуурч байсан ч сүүлийн барилгуудын хувьд нүдэн дээр маш чанаргүй барьж байна хэмээн оршин суугчид нь мэдээлэв. Угаасаа ч Дунд голын хөвөөн дээр голын эрэгтэй бараг залгаа шахуу баригдсан тус хотхонд нүүж орсон иргэдтэй хууль зөрчин гэрээ байгуулснаас эхлээд асуудал ар араасаа ундарч байгаа аж.
Хамгийн нийтлэг зөрчил гэвэл квадрат метр дутсан асуудал. Тус компани оршин суугчдад ханын голчоос квадрат метрээ тооцож худалдсан бол харин гэрээн дээрээ ханын дотор талаас тооцох тухай зааж өгчээ. Иймд эхний ээлжинд оршин суугчид квадрат метрийнхээ асуудлыг шалгуулах хүсэлтэй байгаа гэнэ. Харин үүний дараахь асуудал гэвэл байсхийгээд улаан өнгийн зэвтэй ус крантаар гоождог, шүүгээд тунгаагаад ч хоол, унданд хэрэглэх боломжгүй булингартай, ахуйн хэрэглээний шаардлага хангаагүй байдаг гэсэн. Энэ асуудлаар хотхоны СӨХ-д удаа дараа хандсан боловч иргэдийн гомдлыг огт хүлээж авдаггүй аж. Үүнээс гадна тэдБарилгын тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчиж байгаа юм.
Жишээ нь, иргэдтэй гэрээ хийхдээ байрны хэвийн байдал, аюулгүй ажиллагаа нэг жил хүртэлх хугацааны баталгаа өгнө гэжээ. Гэтэл Барилгын тухай хуулинд байр ашиглалтад орсноос хойшхи гурван жилийн туршид гарах асуудал, бүрэн бүтэн байдал зэргийг компани хариуцна хэмээн заасан байдаг. Мөн айл өрхүүдийг байрандаа нүүж орсоноос багагүй хугацааны дараа Улсын комисс ажиллаж, байрыг хүлээн авсан бөгөөд зарим айлуудын Үл хөдлөхийн гэрчилгээ өнөөдөр ч гараагүй байгаа аж. Энэ жилийн 10 дугаар сард ашиглалтад орсон байрны хана болон цонхонд нь хагаралт ажиглагдаад эхэлсэн бөгөөд зарим газартаа цуурах байдал үзэгдэж эхэлжээ. “Алтай” хотхоны инженер болон няравт энэ талаар мэдэгдсэн ч хүн явуулна гэсэн хариуг өгөөд өөр ямар ч арга хэмжээ аваагүй, явуулсан хүн нь ч ирж айлуудын байдалтай танилцаагүй гэлээ. Тэгээд ч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хийсэн шалгалтаар “Алтай” хотхонд чанарын шаардлага хангаагүй материалаар хуурамч, муу цонх, хаалга хийсэн гэдгийг тогтоочихсон байгаа юм. Чанаргүй цонх, хаалганаас гадна хананд мөн л асуудал байгаа гэнэ.
Учир нь, айлуудын гэрт ярьж байгаа зүйл хажуугийн айлын хананд чихээ наах төдийд л маш тод сонсогддог, ханаар тусгаарласан л болохоос биш хамт зэрэгцээд сууж байгаад ярьж байгаа мэт тод сонсогддог, ажилтнууд нь харьцааны соёл муутай, хүүхдийн тоглоомын талбай огт байхгүй, хүүхдүүд тоглох орчингүйгээс гадна “Нарны гүүр” тийш гарсан ганцхан гарцтайгаас болоод өглөө бүр түгжрэл үүсч, орж гарахад маш хэцүүхэн нөхцөл байдал бий болдог, айлуудаа орж дууссаны дараа лифтээ ажиллуулна гэсэн шалтгаанаар айлуудыг дээш, доош байнга алхуулдаг, хамгаалалтын ажилтнууд нь хүүхдүүдийг энд тэнд тоглолоо хэмээн бараг л зоддог, хорооллын доторхи машин зам дээр явган хүний гарц, гарам нэг ч байхгүйгээс үүдэн осол аваар гарах эрсдэл өндөртэй, өвөлдөө Дунд голын хүйтэн элчээс болж хөгшчүүл зутруухан өвөлждөг гэгчлэнгээр “Алтай” хотхон гэх сүржин рекламтай сөнөсөн газар байгааг холбогдох албаныхан анхааралдаа аван шалгаж өгөөсэй гэдгийг тус хотхонд байр авч хулхидуулсан иргэд мэдээлж байна. Зарим айлууд мэргэжлийн хүмүүсээр хэмжилт хийлгэхэд таван метр квадрат дутсан асуудал гарч ирсэн ч компани үүнийг огт хүлээж авахгүй байгаа аж. Тэгсэн хэр нь иргэдэд 60-150 сая төгрөгөөр байруудаа борлуулаад төлбөрөө 100 хувь авчихсан, ордер нь ч байхгүй байдалтай айлууд ч байна.
Сүүлдээ айлууд байраа зараад хурдхан шиг тус хотхоноос нүүх зорилготой болсон бөгөөд үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани, байр зарах заруудад “Алтай” хотхонд байр зарах зар хамгийн ихээр байгааг ч ажиглаж болно. Иймээс тус хотхонд мөнгөө төлж байр худалдаж авсан хүмүүс дээрээ байгаа төрийг энэ асуудалд анхаарлаа хандуулж, иргэдийг хохиролгүй болгон арга хэмжээ авахыг хүсч байгаа аж. Тэд энэ талаараа Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гээд холбогдох бүхий л газруудад хандаж, асуудлыг хэрхэн яаж шийдэхийг хүлээж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ