Малайзд Консулын төлөөлөгчийн газар нээх асуудлыг танилцуулав

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Малайз Улсад Монгол Улсынконсулын төлөөллийг нээх асуудлыг Гадаад харилцааны сайдын зөвлөлийн хуралдаанд өнөөдөр хэлэлцүүллээ. Малайз Улсад Монгол Улсын иргэдийн эрх, эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх явдал удаа дараа гарч, ялангуяа иргэн Ш.Алтантуяа болон хар тамхины хэрэгт холбогдсон оюутнуудын хэрэг шийдэгдэхгүй удааширч байгаа, мөн Монгол Улсын иргэн Э саяхан учир битүүлгээр амь насаа алдсан нь ийнхүү тус улсад Монгол Улсын консулын төлөөллийг нээх нь нэн чухал болохыг Гадаад харилцааны сайд Л.Болд хуралдааны явцад онцлон тэмдэглэлээ.
Мөн тус улсад нас барсан Монгол Улсын иргэн Э-гийн хэрэг дээр ажиллах Гадаад харилцааны яам, Хууль зүйн яамны хамтарсан ажлын хэсэг Малайзад ажиллахаар боллоо. Түүнчлэн, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд эдгээр асуудлыг анхааралдаа авч ажиллах хүсэлт бүхий захидлыг Малайз Улсын Гадаад хэргийн сайдад илгээхээр болов. Одоогийн байдлаар, тус улсад нийт 500 орчим монгол иргэн сурч, ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ