Солонгос кино, дота тоглоомоо золиослох чадвартай бай


Шинэ жил айлчлан ирэх гэж байна. Ирэх жилд юуг гол зорилтоо болгох вэ гэж бодон бодсоор нэлээд xугацаа өнгөрсөн мэт. Миний хувьд өнгөрсөн жилийн хийж бүтээснээ дүгнэж, ирэх жил юу хийхээ, юу бүтээхээ одооноос төлөвлөж байна.
Гадаад xэл сурахад гурван жил, xөгжим тоглож сурахад хоёр жил гээд юу ч байж болно. Чи ямар ч зүйлийг тодорхой xугацаанд xийж бүтээж чадна. Xарин сэтгэлдээ xүсч мөрөөддөг тэр л xувь xүнээ, “амьдралын гол дүр”- ээ бүтээхэд чамд чиний амьдралын таван жил ч биш арван жил ч биш, бүхий л амьдрал чинь тэр чигээрээ зориулагдах ёстой.
“Залуу байх үед 'Хүний амьдрал харвасан сум шиг өнгөрдөг' гэсэн мөрүүдийг хаа нэгтэйгээс уншихдаа“юун ч сүртэй зүйрлэл вэ? 60 магадгүй 70 жил гэдэг их хугацаа шүү дээ”гэж бодогддог байлаа. Харин багагүй цаг хугацааны дараа эргэж харахдаа "Би юу хийж амжив аа? юу хийж чадах байж вэ?" гэж бодогдох болсон” хэмээн танил өвгөн ах маань хэлж байсан. Нэрт нийтлэлч Баабар ч нэгэн нийтлэлдээ " хүн хорьтойдоо дэлхийг өөрчлөх хүсэлтэй байдаг бол гучтайдаа үгүйдээ л улс орноо, дөчтэйдээ ядаж гэр орноо, тавьтайдаа ердөө л өөрийгөө өөрчилчих юмсан гэж хүсдэг. Гэхдээ нэг нь ч бүтдэггүй" гэсэн ишлэл авсан байсан.
Мөнгө алдвал олоод авчихаж, эсвэл буцаагаад бий болгочихож болно. Харин цаг хугацааг алдвал хэзээ ч эргүүлж авч чаддаггүйг та бид амархаан хэлчихдэг. Үнэндээ цаг хугацаа бол хамгийн том хөрөнгө юм. Түүнийг хэрхэн ашигласан бэ гэдгээс баян хүн, амжилттай яваа хүний хооронд ялгаа гардаг. Ирээдүйд биелүүлэх мөрөөдлийнхөө төлөө өнөөдөр хүсч байгаагаа золиослох чадварыг цагийн менежмент буюу цаг зөв ашиглах ухаан гэж нэрлэж байгаа юм. Ирээдүйд чи хүчирхэг эдийн засагч, чадалтай эрдэмтэн багш, эсвэл эх орныхоо хөгжилд гар бие оролцох чадварлаг инженер болъё гэж тэмүүлж байгаа бол өнөөдөр үзмээр байгаа солонгос кино эсвэл хорхойсоод байгаа дота тоглоомоо золиослох чадвартай байх хэрэгтэй шүү л гэсэн санаа.
Нэгэн ядуу гэр бүлд төрсөн ах, дүү хоёр байв. Адилхан нөхцөл байдалд өссөн хэрнээ энэ хоёр өөр өөр амьдралын замыг туулжээ. Ах нь амьдралын давааг биеэрээ үзэн туулж чадалгүй гэртээ л ядуу хэвээрээ байсан бол харин дүү нь докторын зэрэг хамгаалан, их сургуулийн алдартай багш болж чаджээ. Адилхан орчинд өссөн мөртлөө хэрхэн ингэж өөрөөр амьдрах болов. Гэтэл ахынх нь амьдардаг гэрээс “Хүсэл тэмүүлэл гэж хаана ч байдаггүй” гэж бичсэн жижигхэн зурвас олджээ. Харин амьдралдаа амжилтанд хүрэх рүү хүсэн тэмүүлсэн дүү нь инээмсэглэнгээ ингэж хариулав: ”Тийм ээ, тэр зурвасыг санаж байна. Би тэр зурвас дээр бичсэнээс өөрөөр амьдарсныг харж байгаа биз дээ? Хүсэл тэмүүлэл яг одоо энд байна гэж би үргэлж бодон амьдарсан” хэмээжээ.
Өөрийнхөө хариулт өгөх чадварыг хөгжүүлэх ёстой. Ялангуяа залуучууд. Олон залуус өөрийгөө барьж чадахгүй байна. Өөрийгөө хариуцаж чадахгүй байна. Өөрийнхөө хариултыг өгч чадахгүй байна. Байшин дээрээс үсэрлээ л гэнэ, халаглаж харуусч байна л гэнэ. Энэ бол хариулт өгөх чадвараа хөгжүүлээгүй байгаагаас үүдсэн хэрэг. Нэг хүнд хайртай болоод түүнийгээ илчилтэл “Уучлаарай, би өөр хүнд хайртай” гэсэн хариулт ирэхэд “Тэгвэл би байшингаас үсэрнэ” гэж байгаа бол чи хариулт өгөх чадваргүй, хариуцлагагүй байна.
Та юу мөрөөдөж байна. Гурван өрөө байр уу, хэдэн саяын жийп үү. Зарим хүн УИХ-ын гишүүн, яамны сайд болохыг мөрөөддөг. Өөр заримынх нь тэмүүлэл хань ижлээ хайрлах, үр хүүхдээ хайрлах, эх орноо хайрлах байдаг. Юу байх нь хамаагүй. Юунд тэмүүлэх вэ гэдгээ эхний ээлжинд өөрөөсөө асууж тодорхой болгох нь л хамгийн чухал.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ