"Ланд”-ны жолооч нар төрийн цагдаад дээрэлхүү ...

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Цагдаагийн гудамж” буюу Зуун айлын Замын цагдаа нарын нэг өдрийн ажлаас энэ удаагийн “Өдрийн сурвалжлага”-аа бэлтгэлээ. Учир нь зуун айлын зам түгжрэл, ачаалал хамгийн ихтэй газар юм.
Жирийн хүмүүс замын цагдааг өдрийн турш зам дээр зогсоод л заримдаа хийх ажил нь олдохгүй жолооч нарыг торгож, “кайф” авдаг юм шиг ойлгодог. Тэгвэл ганцхан өдөр тэдэнтэй хамт байж, халуун тогоо руу нь өнгийж үзлээ. Тэдний ажил амаргүй юм. Хөдөлгөөнд оролцож байгаа жолоочийн зөрчил, дутагдлыг арилгах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахаар цаг наргүй ажиллана. Мэдээ, мэдээлэл шуурхай дамжуулахаар станц нь байнга дуугарна. Хэдхэн минут суухад л станцын чимээнд чих өвдөж эхлэх. Гэтэл цагдаа нар өөрсдөө тэр дуундаа хэдийнээ дасчээ. Хаанаас ямар дуудлага ирэх бол гэж чих тавин хүлээнэ.
Эхний дуудлага 11.00 цагийн үед ирлээ. Цагдаагийн гудамжинд хоёр автомашин мөргөлдсөн гэх дуудлагын дагуу ахмад Г.Нямбаяртай ослын газар очив. Биднийг очиход “Ниссан Санни” маркийн автомашин “Соната” маркийн автомашинтай мөргөлдсөн байлаа. Осол хажуу хоорондын зай алдагдаж, эгнээ байраа буруу эзэлснээс болж гарчээ. Харин машины жолооч нар хоёулаа даатгалтай байсан учраас даатгалаа дуудаж, мөн хоорондоо тохиролцсон байв. Тиймээс Г.Нямбаяр ахмад ослын газарт хэмжилт хийж, аль жолооч ямар зөрчил гаргасан, ямар зүйл заалт зөрчсөн эсэхэд тодорхойлолт хийж,даатгалын компани руу шилжүүлсэн юм. Ингэснээр тус даатгалын компани хохирлыг нь барагдуулах аж.
Харин дараагийн дуудлага 13.00 цагийн үед ирэв. “Шинэ зам”-д “Аксент” маркийн машин, “Тоёота Раум” маркийн автомашинтай мөргөлджээ. Ослын газарт очсон боловч мөн л жолооч нар нь хоорондоо тохиролцож, даатгалын компаниа дуудсан байлаа. Тиймээс Г.Нямбаяр ахмад ослын газарт хэмжилт хийж, даатгалын компанид нь шилжүүлсэн юм.
Харин үүний дараа Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэх байр орлоо. Эрүүлжүүлэх байрнаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баригдсан жолоочийг Албадан саатуулах 111 дүгээр байр луу авч явсан юм. Энэ талаар ахмад Г.Нямбаяраас тодруулахад “Өчигдөр 16.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 12 дугаар хороо, Сансар 32 дугаар тойргийн орчим согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг саатуулсан. Түүний согтолтын зэргийг шалгахад 0.44 хувийн согтолттой байсан. Мөн жолооны үнэмлэхгүй. Өмнө нь согтуугаар жолоо барьж байгаад эрхээ хасуулсан иргэн. Тиймээс захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.6-д зааснаар 10 хоног саатуулахаар болж байгаа юм” гэлээ. Ер нь энэ төрлийн зөрчил шөнийн цагаар их гардгийг ч дуулгасан юм.
Ингээд ахмад Г.Нямбаяртай цөөн хором ярилцав.
-Өдөрт хэчнээн дуудлага ирж байна. Ямар зөрчил хамгийн их гарч байна вэ?
-Сүхбаатар дүүргийн хэмжээнд өдөрт 40-50 орчим дуудлага ирдэг. Тиймээс алба хаагчид дөрвөн бүсэд хуваагдан, дөрвөн автомашинтайгаар дуудлагын дагуу ажилладаг. Ихэнх зөрчил нь эгнээ байраа буруу эзлэх, түгжрэл саатал их байхад уулзвар луу орж машинаа гацаах, дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцох, нэгдүгээр эгнээгээр зорчих зөрчил их байна. Мөн жолоо барьж байхдаа утсаар ярих, хамгаалалтын бүс зүүхгүй байх зөрчил буурахгүй байна.
-Сүүлийн өдрүүдэд дугаарын хязгаарлалттай байлаа. Энэ өдрүүдэд замын хөдөлгөөн ямар байв?
-Дугаарын хязгаарлалттай холбогдуулан замын хөдөлгөөн харьцангуй багассан. Мөн зам тээвийносол ч багассан.
-Дугаар солих зөрчил хэр их гарав?
-Их байсан шүү. Дугаараа сольсон, хуурамч дугаар зүүсэн. Дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцсон гээд. Тиймээсзөрчил гаргасан жолооч нарт торгуулийн арга хэмжээ, мөн зарим жолооч нарын эрхийг хасах хүртэл арга хэмжээ авсан байгаа.
-Ослын газар ирсэн ч даатгалаараа шийдүүлэх асуудал их гарч байна. Ер нь даатгалын компаниуд хэр сайн үйлчилж байна. Зарим нь ирдэггүй гэх шүүмжлэл байсан?
-Даатгалын газрын ачааллаасаа болдог байх. Зарим даатгалын газар түрүүлж ирээд хүмүүсээ бүртгээд байж байдаг. Харин зарим нь утасдаад утасдаад ирдэггүйхүндрэлтэй тохиолдлууд бий.
-Жолооч нарын соёл хэр байна?
-Нэг үеэ бодвол замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын соёл харьцангуй дээшилсэн. Нэгнээ хүндлэхгүй, хоорондоо хэрэлдэж, маргалдаж, зодолдох тохиолдол их байсан бол одоо нэгнээ хүндэлдэг, харилцан ойлголцдог, асуудал гарвал даатгалаа дуудаад шийдүүлдэг болсон байна. Ихэнх жолооч жолоочийн албан журмын даатгалтай болсон байна.
Биднийг их ярилцах зуур станцаар “Авто плаза”-гийн орчим хоёр автомашин мөргөлдлөө гэх дуудлага ирэв. Дуудлагын дагуу очиход жолооч нар нь хоорондоо зохицоод явсан байлаа. Тиймээс Зуун айлын уулзвар дахь замын цагдаагийн постод байрлав.
Энэхүү постод хоёр цагдаа ээлжлэн замын хөдөлгөөн зохицуулж, зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцдог аж. Гаргасан алдаа зөрчлөө ухамсарлан арга хэмжээгээ авахуулах жолооч олон байхад цагдаа нар луу дайрч давшлах жолооч ч цөөнгүй. Тухайлбал, нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан жолоочийг зогсоож, бичиг баримтыг нь хураахад 60 гаруй настай өвөө алдаагаа ухамсарлахын оронд “60 гарчихсан өвгөнийг ингэж болохгүй. Би ядарсан хүн, чам шиг хүүтэй. Цагтаа энэ хуулийн байгууллагад чинь ажиллаж л байлаа. Ер нь зөндөө хүн дүрэм зөрчиж байхад ганцхан намайг зогсоож, торгох гэлээ” хэмээн орилж цагдаа нар луу чичлэн дайрна. Түүний орилох дуунд замын цагдаа “Та дүрэм зөрчлөө” хэмээн тайлбарлах гэсэн боловч тайлбар авахгүй орилж хашгирсаар үнэмлэхээ аван гарч одсон юм. Харин түүний дараа улаан гэрлээр зорчсон, баруун гар тийш эргэх дүрэм зөрчсөн, дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцсон гэх олон зөрчил илэрч, жолооч нар арга хэмжээ авахуулж байв. Ингээд дүрэм зөрчсөн жолооч нараас зарим зүйлийг тодрууллаа.
Иргэн 1
-Өөрөө ямар дүрэм зөрчив?
-Улаан гэрэл асч байхад шууд явчихлаа.
-Уг нь улаан гэрэл ассаныг харсан биз дээ?
-Харсан. Яг улаан гэрэл асахаар нь зогсох гэтэл цагаан зураас голлох гээд байсан юм. Тэгэхээр нь шууд чигээрээ явчихсан.
-Дүрмээ бол мэднэ биз дээ. Ямар хариуцлага ногдохыг ч мэдэж байгаа юу?
-Мэднэ. Тиймээс бусад жолооч нартаа хандаж хэлэхэд гэрэл дохиогоосайн харж байгаарай гэж хэлмээр байна.
Иргэн 2
-Өөрөө ямар дүрэм зөрчив?
-Зөвхөн баруун гар тийшээ эргэх дүрмийг зөрчихлөө. Зөрчинө гэж зөрчсөнгүй. Яарсандаа л арга буюу дүрмээ зөрччихлөө.
-Тэгэхээр яарах бүртээ дүрэм зөрчих үү. Энэ тохиолдолд ямар хариуцлага ногдохыг мэдэж байгаа юу?
-Зөвхөн баруун гар тийшээ эргэх дүрмийг зөрчсөнөөрөө ямар хариуцлага хүлээх вэ гэдгээ мэдэхгүй байна.
-Та өмнө нь бас торгуульсан бололтой. Торгуулийн хуудас байна?
-Тийм. Хамгаалах бүсээ хэрэглээгүй гээд торгуулсан.
Иргэн 3
-За та ямар дүрэм зөрчив?
-Утсаар ярьж байсан чинь цагдаа зогсоочихлоо.
-Ер нь жолоо барьж байхад утсаар ярьж болохгүйг мэднэ биз дээ?
-Мэдэлгүй яахав. Сая хүнтэй уулзах гээд хаана байгааг нь асуухаар утсаар ярьж байсан юм. Ер нь дүрмээ бол мэднэ. Гэхдээ ихэнх жолооч утсаар ярьж л байдаг шүү дээ.
Иргэн 4
-Яагаад дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцов?
-Яаралтай ажил гараад Долоон буудал явж байлаа. Уг нь голоор явах гэсэн боловч гол үерлэчихсэн болохоор машин гарахгүй байсан юм.
-Тэгээд заавал дүрмээ зөрчих шаардлагатай байв уу?
-Маргааш хөдөө явах ажилтай болчихсон. Тэгээд машинаа засварын газраас аваад явж байсан юм.
Иргэн 5
-Та яагаад явган хүний зам дээр машинаа байрлуулж байгаа юм бэ?
-Хүн хүлээж байсан чинь араас машин сигналдаад байсан юм. Тэгэхээр нь наашаа ороод ирлээ.
-Дүрэм, хариуцлагаа мэдэх үү?
-Мэдэлгүй яах вэ. Ахиж ийм зөрчил гаргахгүй ээ. Бусад жолооч нараа ч гэсэн дүрмээ биелүүлээрэй гэж захимаар байна.
Харин удалгүй дахин нэг зөрчил илэрлээ. “Ланд Круйзер” маркийн машины жолооч нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулан түгжрэл үүсгэжээ. Цагдаагийн алба хаагч түүнийг эгнээ суллаж өгөхийг шаардсан ч тэрбээр замын цагдаагийн алба хаагчидтай хэрэлдэн, зам чөлөөлөхийг хүссэнгүй. Энэ үеэр ард нь түгжирсэн машины жолооч нар бууж ирэн, тус "Ланд круйзер" машины жолоочийг зам чөлөөлөөч, юу гээд зогсох ёсгүй газар зогсож түгжрэл үүсгээд байгаа юм бэ, яасан амиа бодсонюм бэ гэх мэтээр жолооч руу дайран бухимдлаа илэрхийлж байв. Гэвч тэрбээр бусад жолооч нарынхаа үгийг тоолгүй цагдаатай хэрэлдэн, арай гэж зам чөлөөлж өгсөн юм. Жирийн нэгэн автомашинтай, амьдралаа залгуулах гэж яваа иргэд цагдаа нарын өмнө үүргээ ухамсарлаж, торгуулахдаа торгуульж, гуйхдаа гуйгаад л явдаг. Харин “Ланд Круйзер” унасан, магадгүй боломжийн хэдэн цаас олчихдог эрхмүүд төрийн цагдаад ийн дээрэнгүй хандаж байгаа нь гайхшрал төрүүлснийг нуух хэрэггүй биз ээ.
Ингээд тус өдрийн 17.00 цагийн үеийн нөхцөл байдлын талаар Сүхбаатар дүүргийн ахлах байцаагч, ахлах дэслэгч Д.Бат-Эрдэнээс тодруулсан юм.
-17.00 цагийн байдлаар хэрэг зөрчил хэр илэрч байна?
-Зуун айлын буюу Цагдаагийн гудамжийн хэмжээнд нийт 41 зөрчил бүртгэгдээд байна. Үүнд, улсын дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцсон арван хүнийг 50 мянган төгрөгөөр торгосон байна. Мөн зогсоол, зогсоолын дүрэм буюу 5.1-ийг зөрчсөн 14 жолоочид торгуулийн хэмжээ авсан байна.
-Ер нь ямар зөрчил хамгийн их гарч байна вэ?
-Зогсоол, зогсоолын дүрэм зөрчих, тэмдэг тэмдэглэгээтэй газар автомашинаа тавих, уулзвар гарцанд ойрхон машинаа байрлуулах зөрчил их илэрч байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ