Ходоод руугаа юу ч хамаагүй "шидмээргүй" байна


Хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдал гэж яриад л байдаг. Гэтэл яг үнэндээ энэ төр засагт ард түмнийхээ юу идэж ууж байгааг анхаарах зав зай үнэндээ алга бололтой. Ширээ сандлын тэмцэл хийж байх хооронд нь ард түмний олонх нь үгүйрч, хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсанаас юун эрүүл цэвэр хүнс сонгох, аль хямдаас нь аваад хоногийн хоолоо болгож чадаж байвал их юм болчихоод байна.
Монголд төрсөнөөрөө би үргэлжид бахархаж явдаг. Сүүлийн үед бахархалын оч маань ерөнхийдөө бөхөөд байх юм. Хоол идээд байна уу, хор идээд байна уу гэдгээ мэдэхэд бэрх болжээ. Арааны шүлс асгарам амт, үнэрийн цаана амь насыг минь ч аваад явахаас сийхгүй хор ходоод, гэдсэнд минь “урилгагүй зочлох” боллоо. Монголчууд идэж хэрэглэж буй хүнс хоол маань чанартай юу, үгүй юү, бие организм, сэтгэл санааны эрүүл оршихуйг хангаж чадах эсэхэд тэр бүр анхаарлаа тавихгүй байсаар өдий хүрсэн. Энд тэнд хэсэг бүлгээрээ хоолны хордлогоор өвдөхөд л хааяадаа сүржигнэхээс биш эрүүл байж, аз жаргалтай амьдран урт удаан наслахын тулд эрүүл хүнс хэрэглэх ёстой гэсэн ойлголт хүн бүрт байдаггүй.
Угтаа хүнсний аюулгүй байдал гэж нийгмийг эрүүл, эрсдэлгүй хүнсээр хангах нөхцөл бүрдүүлэхийг хэлдэг. Гэтэл өнөөдөр хүнсний аюулгүй байдлын хуульгүй хуруу дарамхан орны нэг нь манай улс болчихжээ. Үр, хүүхдүүдээс минь эхлээд бид ч ялгаагүй амтархан дурладаг импортын хүнсний бараа бүтээгдэхүүнд эргэлзэх зүйл ч цөөнгүй. Ёроолд нь цагаан өнгийн бодис тунасан олон орны сок, шүүс дэлгүүрийн лангуун дээр өрөөстэйг хүн бүр мэддэг.
Саяхан л гэхэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Черри крик” ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн БНХАУ-аас импортолсон “Sky people apple” нэрийн шүүсийг лабораторийн шинжилгээнд хамруулж. Гэтэл итгэмжлэгдсэн лабораториудын сорилтын дүнгээр тунадастай, хөгц мөөгөнцөр илэрсэн байна билээ. Ийнхүү МХЕГ-аас энэ бүтээгдэхүүнийг авч хэрэглэж болохгүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа ч тэр мэдээллийг нь олон нийт бүгд сонсож, дуулж чадаж байгаа болов уу. Эргэлзээтэй. Ингээд л өнөөх жүүс зарагдсаар л, иргэд түүнийг нь авч ууж идэж хордсоор. Аюулгүй хүнсээр ард иргэдийг хангах ажлыг хийх ёстой албаны хүмүүс нь амь амиа бодоцгоо гэсэн шиг арга ядсан хариулт өгсөөр хэдэн жилийг ардаа үдлээ. Үнэндээ бид тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал хэмээн цээжээ дэлдэх хэрнээ ходоодоор дамжин мөнөөх үндэсний аюулгүй байдал маань аль хэдийнээ алдагдчихаад байна.
Үнэндээ "гаднаа гяланцаг дотроо паланцаг" гэгчээр дэлгүүрийн лангуун дээрх хүнс "но"-гоо дэлгэсээр удлаа. Монголчууд бид хэнэггүй гэхдээ дэндүү хэнэггүй хүмүүс юм. Мөн нэгэн жишээ дурдахад Улаанхуаранд амьдардаг хамаатны эгч маань гэрийнхээ ойролцоох тэр хавьдаа хамгийн томд тооцогдох "Супермаркет"-аас хүнсний зүйлээ цуглуулдагаа ярьж байсан. Гэтэл нэг удаа талх нарийн боов авах гэсэн чинь хөгц татсан талх лангуун дээрээ тавьчихсан байж. Эгч маань үүнд ихэд эгдүүцэн "та нар ийм юм зарж болохгүй шүү дээ" гэхэд худалдагч эмэгтэй "өө уучлаарай харсангүй" гэсэн тайлбар өгсөн гэдэг. үнэндээ дэлгүүр тухайн бүтээгдэхүүн дээр үнэ нэмж зарж болно. Гол нь аюулгүй хүнсийг хэрэглэгчдэд хүргэх ёстой. Эндээс үзэхэд манай дэлгүүрүүд ашгаа л бодохоос биш хугацаа бол тэдэнд хамаагүй.
Өнөөдрийн байдлаар манай улсад өлөн зөлмөн амьдарч байгаа айл өрхийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болсон талаар стастистик судалгаа байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар тийм муудсан, ялзарсан, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн хурааж авлаа хэмээн сүр дуулиантайхан мэдэгдэл хийдэг. Гэвч хүн ард маань өдрөөс өдөрт галзуурах үнийн өсөлтөд өвдөг сөгдөн, үнэтэй чанартай бараа бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэхээсээ илүү хямд төсөрийг нь харж, худалдаж авах болсон нь нууц биш. Ингээд л иргэд маань хоосон хонохгүйн тулд ходоод руугаа юу ч хамаагүй "шидэх" болжээ. Тэд чанартай бүтээгдэхүүн гэхээсээ илүү хямдхан бүтээгдэхүүний эрэлд мордоцгоож байна.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ