Э.Уянга: Хайртай залуугаа өмгөөлж тулалдана

“Хэцүү анги” киноны Сувдын дүрээр олны анхаарлыг татсан залуу жүжигчин Э.Уянгатай ярилцлаа. Тэрбээр МУИС-ийг утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр төгсөөдодоо “UBS” телевизэд ажилладаг билээ.

-“Кино шиг амьдрал” кинонд зодоонч охины дүр бүтээсэн гэв үү?

-“DOZ”энтертайнментийн бүтээл “Кино шиг амьдрал” кинонд тоглосон. Кино маань гурван өөр хэсгээс бүрдэнэ. Хэсэг бүрт би өөр өөр нэртэй тоглоно. Бүжин, Нохойн сарьсан хоншоор, Тонгорог гэх мэт сонин содон нэртэй. Ерөнхийдөө Бүжин гэдэг нэрээрээ явна. Нэрнээсээ ойлгомжтой байгаа байх. Сандруу, аймхай хүн тэр олон тулаан дунд өөрийнхөө хайртай залууг яаж өмгөөлж, урдуур нь орж байгаа үйл явдал өрнөнө. Кинонд зодоонтой, тулаантай хэсгүүд маш олон гарч байгаа. Ерөнхийдөө Шаолин, Кун фугийн үегэх мэт кинонд гардаг шиг хийсвэр үйл явдлууд их гардаг учраас графикийн ажил их хийгдсэн. Жишээ нь элс цацахад алга болдог гэх ч юм уу үлгэрийн маягийн хэрнээ хөгжилтэй. Мэдээж гол дүр нь эрэгтэй эмэгтэй хоёр жүжигчин байгаа болохоор хайр дурлал, адал явдал, аз жаргалтай төгсгөлийг харуулсан.

-“Зоорь” аймшгийн кинонд тоглосон байсан. Нэлээд киноны санал хүлээж авч ээ дээ?

-“Зоорь” нэртэй аймшгийн Монголын уран сайхны кино аравдугаар сард зураг авалтаа хийж дууссан. Одоо киноны дуу, клип, трэллэр эхнээсээ үзэгчдэд хүрээд эхэлсэн. Оны өмнө нээлтээ хийх төлөвлөгөөтэй байсан боловч кино гэдэг нүсэр ажил, үзэгчдийн өмнө хариуцлагатай байх ёстой. Тиймээсчанартай уран бүтээлгаргах үүднээс оны дараахан нээлтээ хийхээр төлөвлөсөн.

-Чи ямар дүр дээр ажиллав?

-Миний хувьд энэ кинонд Оюунчимэг гэх бүсгүйн дүрд тоглосон. Аймшигт үйл явдал болж байгаа эгчийнхээ байшинд ирээд нэг хоноод маргааш нь ямар нэгэн учир битүүлэг байдлаар галзуураад, энэ гэр бүлд маш том гарз хохирол учруулж байгаа дүр юм. Миний хувьд маш их туршлага хуримтлуулсан уран бүтээл болсон.

-Аймшгийн кинонд тоглосон гэхээр их зориг гаргасан байна шүү?

-Анх киноны санал тавихад тоглож чадахгүй байх гэж бодоод “Би чадахгүй нь ээ. Та нарын итгэлийг алдмааргүй байна” гэж хэлээд загнуулсан. Намайг заавал тоглох ёстой гэсэн. Тэгээд зохиолоо уншчихаад хэсэгтээ ганцаараа байж чадахгүй, ноль руу ч орохоос айсан байдалтай байсан шүү. Гэхдээ тоглож чадсан. Намайг үзэгчид даруухан, гэнэн цайлган охин гэж хардаг байсан бол яагаад энэ бүхнийг өөрчилж болохгүй гэж. Тэгж бодоод энэ кинонд тоглохоор шийдсэн.

-Инээдмийн, аймшгийн гээд огт өөр жанрын кинонд дүр бүтээнэ гэдэг их авьяас байна гэсэн үг дээ. Мэргэжлийн жүжигчин биш шүү дээ?

-Аав ээж хоёр маань МҮОНТ-д найруулагч хийдэг. Аавыг Г.Энхтөр, ээжийг Н.Байгаль гэдэг. Аав маань “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш” кинонуудыг найруулж байсан. Харин ээж “Сарны нулимс”, “Амьдрал чиний төлөө” гэх мэт олон уран бүтээл дээр ажилласан. Энэ хоёр хүний ачаар, азаар багаасаа л телевизийн коридорт тоглож өссөн гэж хэлж болно. Тэр утгаараа дэлгэцийн урлагт ойр өссөн. Тэгээд МҮОНТ-ин хүүхдийн редакцын “Цоглог” хөтөлбөрт тавдугаар ангиасаа эхлээд хөтлөгч хийж эхэлсэн. Бас янз бүрийн баярын зохиомж гэх мэт зүйлд тоглодог байлаа.Тэр үеэс л жүжиглэх дөр байна даа гэж аав ээж маань анзаараад МҮОНТ-ийн “Хэцүү анги” кинонд шалгуулсан. Тэгээд Сувд гэдэг охины дүрд тоглож байлаа. Түүнээс хойш л кинонд тоглож эхэлсэн дээ. Намайг хэр жүжиглэж байгааг мундаг авьяастай жүжүигчид дүгнэж хэлэх байх.

-Жүжигчин мэргэжлээр дахин сурах бодол бий юу?

-Одоогоор тийм бодол алга. Сонгосон мэргэжилдээ анхаарлаа төвлөрүүлж ажиллах гэж хичээж явна.

-Сургуулиа хэзээ төгссөн билээ. “UBS”телевизэд хэзээнээс ажиллаж эхлэв?

-Гуравдугаар курсэд байхдаа “UBS”телевизэд дадлага хийгээд, тэрнээс хойш энэ ажилдаа орсон. Өнгөрсөн хавар МУИС-ийн утга зохиол, сэтгүүлийн ангийг амжилттай төгссөн.

-Жүжигчин биш сэтгүүлч мэргэжлийг яагаад сонгох болов?

Жүжигчин гэдэг бол агуу мэргэжил. Надад хүнддэх юм шиг санагдсан. Гэхдээ л энэ мэргэжлийн асар том далайгаас дусал дуслаар би суралцсаар байгаа. Хүүхэд байхаасаа л сэтгүүлч болохыг хүсдэг байсан. Аав ээж хоёрыг ажилдаа явах гэхээр дагаж гүйгээд “Би хамт зурагт руу явна” гэж орилдог хүүхэд байсан. Одоо бодохоор энэ мэргэжлийг хүүхэд байхаасаа л сонгочихсон юм шиг санагддаг.

-Сэтгүүлч мэргэжлийн юу нь чамд гоё санагдаж сонгох болов?

-Мэдээж хайрлаж дурласан болоод дөрвөн жил суралцаж, сургуулийг нь төгслөө. Хэрвээ дургүй байсан бол дургүйд хүчгүй гэгчээр дундаас нь хаяад өөр ямар нэг мэргэжилээр сурах байсан биз. Сэтгүүлч мэргэжлийн хамгийн гоё нь бид өдөр бүр нэг зүйл хийдэггүй. Өдөр бүр өөр өөр , тухайлбал математикч, балетын жүжигчин, эгэл жирийн өвөө эмээ, хүүхэд, гудамжны нэртэй тэнэмэл хүмүүс гээд олон хүнтэй уулзах хэрэгтэй болдог.Тэр бүхнээр дамжиж бидний мэдлэгийн хэмжээ тэлж, үзэгчдэд хүргэх үнэн мэдээлэл нэмэгдэж байдаг учраас би энэ мэргэжилд дурласан. Биднээс өдөр бүр ямар нэг зүйл сурч мэдэхийг шаардаж байдаг мэргэжил.

-Монголын сэтгүүлзүйн нэр хүнд сүүлийн үед ихээр унах болсон. Залуу сэтгүүлчийн хувьд юу гэж бодож явдаг аа хэлээч?

-Арилжааны телевизүүдийг буруутгах аргагүй. Яагаад гэвэл арилжаа, зар сурталчилгаагаар дамжуулж олсон мөнгөөрөө үзэгчдэд хүрэх илүү гоё мэдээ мэдээллийг бэлтгэх хуримтлал үүсгэдэг учраас ямар нэг байдлаар мэдээллийн алба нь маркетинг менежменттэйгээ уялдаа холбоотой болчихсон гэдэг нь үнэн. Бас үнэн зөвийг тодруулалгүй аливаа мэдээллийг нийтэлдэг гэдэг асуудал яригдаж байгаа. Үүнд сэтгүүлчид, сэтгүүлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд хариуцлага хүлээх нь зөв.

-Сэтгүүлч мэргэжилээр төгсөж байгаа оюутнуудтийм мэдлэг муутай байгаа гэдэгтэй санал нийлэх үү?

-Жил бүр сэтгүүлч мэргэжлээр маш олон боловсон хүчин төгсөн гарч байна. Гэхдээ үнэхээр чадвартай чадалтай, мундаг сайн гэсэн нь хэвлэл мэдээллийн салбарт хамгийн сайн гэсэн ажлыг нь хийгээд олонд танигдаад явдаг. Харин хичээлдээ муу ч гэх юм уу, дутуу дулимаг мэдлэгтэй хүмүүс нь нийгмийн шалгаралаар ард хоцроод явдаг. Минйи хувьд дөнгөж сургуулиа төгсөөд ажиллаж байгаа сэтгүүлчийн хувьд дүгнэж цэгнэх хараахан болоогүй.

-Үеийнхээ залуусыг харахад юу бодогддог вэ?
-Манай залуус цаг үеэ дагаж хөгжиж байгаа нь сайхан харагддаг. Гэхдээ соёл гэдэг чухал зүйлийг мартаад байх шиг санагддаг. Хот хөдөөгийн залуус хөгжлийн хувьд өөр байдаг ч соёлын хувьд ялгарах зүйл алга байна. Адилхан шүлсээ хаяж, хогоо чулуудаад байхаар хотын, соёлтой хүн гэж яаж ялгарах билээ. Энэ асуудал дээр их эмзэглэдэг. Гэхдээ манай залуус өөрсдийгөө боловсруулах талд анхаардаг болсон нь сайшаалтай санагддаг. Их хотын залуус соёлтой байвал бүх зүйл сайхан болно гэж хэлмээр байна.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Гэртээ л байх дуртай. Гэртээ ховорхон байдаг учраас. Бас шүлэг бичиж, сэтгүүл уншиж сонирхолтой олон зүйл хийдэг.Би сэтгүүл унших их дуртай. Сүүлийн үед манайд “Гоодаль”, “Космо”, “Кисс” гэх мэт маш сайн сэтгүүлүүд гардаг болсон. Шинэ сэтгүүл худалдаж авахаараа өрөөгөө цэвэрлэж, хувцсаа сольж, ширээгээ толийтол нь арчаад дээр нь сэтгүүлээ тавьж уутыг нь хүртэл цэвэр­хэн урж аваад завсар нь хадгалж байгаад уншиж эхэлдэг. Хэрвээ сэтгүүлийн маань цуглуулганд хэн нэгэн хамаагүй хүрэх ч юм уу, хуудсыг нь шүлсдэж эргүүлэх юм бол маш их уурладаг.

-Найз залуутайгаа хамт ажилладаг шүү дээ. Хамт ажиллах сайхан уу?

-Бид хоёр хамт байгаад хоёр жил болж байна. Нэг газар ажилладаг болохоор байнга л уулзана. Залуу хосучраас үргэлж хамт байхыг хүсч, гадуур хамт алхаж, ажиллаж, бүх зүйлийг цуг хийгээд сайхан л байна. Цаг хугацаа өнгөрөх тусам нүдээ нээж бие биеэ бодитоор харж эхэлдэг. Тэр үеийг л залуу хос даваад гарч чадвал цаашид насан туршдаа бие биеэ сохор мэт хайрлаж чадна гэж би боддог.

-Залуус хайр гэхээсээ илүү мөнгөтэй хүнийг сонгодог болоод байгаа?

-Тийм ээ. Сүүлийн үед мөнгөтэй, байртай, машинтай л хүнтэй сууна гэж ярьдаг залуус мэр сэр ажиглагддаг болсон. Тэднийг буруутгах аргагүй. Өглөө босохдоо маргаашийн талхны мөнгө бодож сэрнэ гэдэг хэцүү. Гэхдээ баялагтай хүнтэй суухын тулд баялаг бүтээж чадах нэгнийг харахгүй өнгөрөөнө гэдэг хамгийн харамсалтай зүйл. Тэгээд ч баялгийг бүтээж чаддаг байж л гар дээрээ тогтооно. Түүнээс биш хэн нэгний бүтээсэн баялаг миний гар дээр тогтохгүй гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй.

-Гоо сайхандаа хэр их анхаарал тавьдаг вэ?

-Нүүрээ л сайн угаадаг даа (инээв). Миний арьс эзнийгээ их ойлгодог. Завгүй байдаг болохоор гоо сайхны бараа авч амждаггүй. Гоо сайханд ч орж үзээгүй. Уг нь бодоод л явдаг юм. Хувцасны хувьд ч гэсэн үнэтэй брэнд, загвар гэж мэдэхгүй ээ. Тэгээд ч залуу нас гэдэг сайн чанарын брэнд байна шүү дээ.

-Залуу хүн учраас том мөрөөдөлтэй байх, нууц биш бол хуваалцаач?

-Би дотроо л бодож явдаг болохоос хүнд хэлдэггүй. ”Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэдэг үгэнд итгэдэг. Ямар ч байсан сонирхолтой, хөгжилтэй цэнгээнт нэвтрүүлэг хийхийг хүсдэг. Гэхдээ зүгээр л үзэгчдийг зугаацуулахаас гадна амрааж чаддаг тийм нэвтрүүлэг л хийнэ дээ.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ