Нийгмийн үзэл санаа цөвтөж буйг илэрхийлжээ


МУЭ-н гишүүн, Дүрслэх урлаг, Дизайны “Анима” сургуулийн захирал, зураач Я.Булганы "Цөвүүн цагийн 99" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн өчигдөр МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ.
Я.Булган зураач уран бүтээлээрээ хүн төрөлхтний сэтгэл оюуны хоосрол, нийгмийн гажуудал, хүн байгалийн харилцаа, амьдралын мөнх бус, хүн хоорондын харилцаа тэр дундаа эх үрийн холбоо гээд олон талт сэдвээр уран бүтээлээ туурвиж ирсэн байна.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол онцлог нь орчин үеийн нийгмийг болон хүн төрөлхтний харилцааг өөр талаас нь харсан зураачийн үзэл бодол,мэдрэмжийн өнцөг бөгөөд "Цөвүүн цагийн 99" хэмээн нэрийдсэн нь Цөвүүн цаг хэмээх үеийг бүхэлд нь үзүүлэх бус Цөвүүн цагийн 99 дүр, 99 ааш авир, 99 үйлдэл гэх мэтийг бэлгэдлийн шинжтэйгээр зураач өөрийнхөө харж байгаа өнцгийг үзүүлсэнд оршино. Үзэсгэлэнд тавигдаж буй зургуудад график арга барил болон усан будаг, зотон тос, пастелын зургууд голчлон дэлгэгджээ.
Уг үзэсгэлэнгийн нэр буюу “Цөвүүн цагийн 99” хэмээх нэрийг шашны элдэв ойлголттой шууд холбож ойлгох нь андуу хэрэг юм. Цагийн цөвүүн ирэх гэхээсээ илүүтэйгээр бидний өнөөгийн нийгмийн үзэл санаа цөвтөж буйг зураач маань өөрийн оюун санааны бүтээл туурвилаараа илэрхийдэг.
Я.Булган зураачын бүтээлд голчлон 9-н тоо болон Хүүхдүүд “бүтээлийн санаа илэрхийлэл” нь болон дүрслэгддэг.
Үүний учир нь эртний Еврейчүүдийн бэлгэдэлд 9-н тоо ньүнэний тоо хэмээгддэг байжээ. Мөн монгол бэлгэдэлд болон сэтгэлгээнд 9-н тоо бол төгс утгыг илэрхийлж байдаг. Харин “хүүхэд” гэдэг өөрөө нүгэлгүй үнэний толь юм.
Иймээс зураач хүн гэдэг бол үнэнийг л эрэлхийлж басхүү илэрхийлж байх учиртайг Уран бүтээлч Я.Булганы бүтээлээс харж болно.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ