О.Баасанхүү байр сууринаасаа ухарлаа

Эрх мэдэл мөнгөний өмнө, шударга ёс, үзэл бодлоо худалдана гэдэг гутамшиг. УИХ-ын гишүүн О.Баасанхүү овоо зөв дуугардаг, байр сууриндаа бат зогсдог цөөхөн гишүүдийн нэг. Гэвч мань хүн Н.Батбаяр, Ч.Улаан нарыг огцруулах асуудлын талаар нэг хоногийн дотор хоёр өөр байр суурь илэрхийлэв.

Хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын хоёр сайдыг огцруулахаа тунхаглаж “Сүүлийн нэг жилд ард түмний амьдрал доройтож, эдийн засаг, төсөв хүндэрч байгаа учраас салбар хариуцсан хоёр сайд нь хариуцлага хүлээх ёстой. Тиймээс би огцруулах кноп дарна. Монголын ард түмэн тэдний муу ажиллаж байгааг харж байхад улайм, цайм хоёр сайдыг авч үлдэх нь буруу үйлдэл. Энэ бол ёс зүйд таарахгүй” хэмээн мэдэгдэж байсан юм.

Гэтэл өчигдөр “МАН-ынхан Засгийн газарт орохын тулд ийм жүжиг тавьж байна. МАН-ын үр могойнууд та бүхэн бол бондын мөнгөнөөс идэлцмээр байдаг. Олдохгүй болохоор Засгийн газарт хамтарч ажиллах далд санаа агуулж байна” хэмээжээ.

Ямартай ч эрхэм гишүүний үзэл бодол байр суурь ганц хоногийн дотор орвонгоороо эргэсэн байна. Энэ нь төрийн ордон дотор яваад байгаа гишүүдтэй АН-ынхан тохиролцоод байгаа гэх бор шувууг бататгаад байх шиг.

Н.Батаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ