Г.Шийлэгдамба: Ардчилал бол аль нэг намын өмч биш

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Зарим намууд урьдчилсан байдлаар нэр дэвшигчээ тодруулж, бага хурлын товоо ч зарлаад байна. Харин танай намын хувьд энэхүү сонгуульд хэрхэн оролцох гэж байна вэ?

-Манай намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг намын зохих хурлаар шийднэ. Бид намын өмнөх бага хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох асуудлыг судлах үүргийг намынхаа гүйцэтгэх товчоонд даалгасан. Тодорхой байр суурийг хэлэлцэж, шийдвэрлэсэн. Тухайлбал, шударга сонгууль явуулахын тулд улс төрийн бусад намуудтай хамтарч ажиллана гэж тодорхойлсон байгаа. Мөн сонгуульд парламентад суудалтай намуудтай хамтарч буюу эвсэж оролцох боломжтой. Энэ асуудал дээр ямар хувилбар байж болох уу гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Цолмонгоор удирдуулсан ажлын хэсэг ажиллуулж, тодорхой саналуудыг гаргаж бага чуулганд оруулж шийдвэрлүүлэх юм. Энэ хугацаа хараахан болоогүй байна. Гэхдээ удахгүй тодорхой болно.

-Танай намын хувьд МҮАН-тай хамтарч “Шударга ёс эвсэл”-ийг байгуулаад ажиллаж байгаа. Энэ утгаараа тус намтай хамтарч оролцох уу. МҮАН-ын хувьд бусад нам эвсэлийг дэмжиж оролцоно гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа?

-Парламентад суудалтай улс төрийн намуудын сонгуульд оролцох эсэх нь тухайн намын дотоод асуудал. МҮАН оролцохгүй гэж байгаа бол бид дангаараа болон бусад нам эвсэлтэй хамтарч оролцож болно.

-МАН-тай хамтарч оролцох магадгүй гэсэн шуум гараад байсан. Харин МАН Монголын ногоон намтай хамтарч оролцохоор боллоо. МАН-ын намтай хамтарч оролцох бодол байгаа юу?

-Энэ бол байж болох хувилбар. Гэхдээ үүнийг шийдэх нь тийм амархан бус. Манай намаас гарсан ажлын хэсэг энэ асуудлаар тухайн намын холбогдох удирдлагуудтай уулзаж байсан. Гэхдээ өнөөдөр эцэслэж шийдээгүй байна. Өнөөдрийн байдлаар бол хугацаа маш шахуу байна. Шийдэх бололцоогүй байна гэж үзвэл дангаараа оролцоно.

Хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа улс төрийн намуудын хооронд байгуулсан гэрээ байгаа. Түүний дагуу АН-тай ч ярих ёстой. Гэхдээ өнөөдөр ямар ч түвшинд ярьж, урьдчилсан байдлаар төлөвлөсөн ч эцэслэж шийдсэн гэсэн үг биш.

-Зарим намууд урьдчилсан байдлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрс тодроод байна. Хэрвээ танай нам дангаараа орлоо гэхэд нэр дэвшигчийн хувьд ямар хүмүүс байна вэ?

-Дангаараа ч юмуу аль нэг улс төрийн намтай эвсэж орлоо гэхэд бид нэр дэвших бололцоотой хүнийг намын хамт олныхоо саналаар гаргаж ирээд рейтинг тогтоох судалгаа хийсэн байгаа. Өмнөх бага чуулганаараа нэр дэвших бололцоотой таван хүний нэрийг тодруулсан. 21 аймаг, есөн дүүрэгт “Шударга ёс” аяныг өрнүүлж, энэхүү хүмүүсийг сурталчлах, тэдний санал бодлыг ард иргэддээ сонсгох ажлыг хийсэн. Үүний дараа социологийн судалгаа явуулж, энэхүү таван хүнээс хэн нь бололцоотой гэж ард иргэдэд дүгнэгдсэн тэр хүнийг л нэр дэвшүүлэх асуудлыг бага хурлаараа шийднэ.

-МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал тааруу байна. Сэхээнд орсон зэрэг мэдээлэл гараад байгаа. Энэ талаар?

-Н.Энхбаяр даргын биеийн байдал тааруу байгаа нь үнэн. Үүнийг зөвхөн бид яриад байгаа юм биш. Албан ёсны эмч нарын удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдсон. Өвчний оношийг эмч тогтоодог болохоос биш аль нэг улстөрч, намын хүсэл эрмэлзлэлээс хамаардаг зүйл биш. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээлэлд бусд эмч нарын дүгнэлтийг харж, ойлгох нь хэрэгтэй байгаа юм. Одоогийн байдлаар биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд эрчимт эмчилгээ хийгдэж байна. Эмчийн дүгнэлтээр өнөөдрийн байгаа нөхцөлд нь үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх боломжгүй гэж үзсэн юм.  Үүний дагуу холбогдох байгууллагууд шат шатандаа дүгнэлт хийж, шийдвэрийг гаргах байх.

-Өнөөдөр сэхээнд орсон гэсэн мэдээлэл гарсан байсан?

-Эрчимтэй эмчилгээ хийгдэж байгаа. Түүний хувьд эмч нарын дүгнэлтэд үндэслэн ял эдлүүлэх байдлаар бус эмчлэх хүсэлтийг холбогдох байгууллагад нь гаргаад байгаа. Гэхдээ хувь хүний хүсэлт гэхээс илүүтэйгээр эмч нарын дүгнэлтэд үндэслэн өмгөөлөгч нар болон ар гэрийнхэнтэйгээ зөвлөлдөж хуулийн дагуу тавьж байгаа гэж ойлгож болно.

-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурлын үеэр танай намаас тайван жагсаал цуглааныг зохион байгууллаа. Үүнийг зарим иргэд улс эх орны нэр хүндийг унагасан зүйл хэмээн дүгнэж байгаа бол нөгөө талаар энэ бол ардчилал байгаагийн илрэл хэмээн тайлбарлаж байсан. Яагаад энэ жагсаал цуглааныг зохион байгуулах болов вэ?

-МАХН бол бусад улс төрийн хүчнүүдтэй харьцуулахад улс орон даяар илүү их үйл ажиллагаа явуулж байгаа. Яагаад гэвэл бид гуравдахь ч улс төрийн хүчин. Энэ утгаараа бид ард түмэнтэйгээ ойр байж амьдрал дээр байгаа олон асуудлыг улс төрийн хүрээнд хөндөж тавьж байгаа. Төрийн тусгай хамгаалалтанд байсан хүнийг 600 гаруй цагдаа нар хүч түрэмгийлэн авч байх үеэс хойш жил гаруйн хугацаанд ярьж байгаа асуудал юм. Гэнэт олон улсын бага хурлыг үеэр хөндөж тавьж байгаа зүйл биш юм. Бид энэхүү хуралд маш их ач холбогдол өгч байгаагийн илрэл бол бидний явуулж байгаа арга хэмжээнүүд. Ардчилал гэдэг бол аль нэг нам дангаараа өмчилдөг асуудал биш. Өнөөгийн ардчилалд үнэлэлт дүгнэлт өгөх үүднээс хариуцлагатай улс төрийн хүчин, УИХ-д суудалтай ард түмний сонголтоор гуравдагч хүчний орон зайг баттай хадгалж чадаж байгаа намын хувьд байр сууриа илэрхийлсэн юм. Энэхүү хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө байр сууриа хэвлэлийн бага хурал хийж, илэрхийлсэн. Манай нам УИХ-д долоон гишүүнтэй. Гэтэл нэг л гишүүнд энэхүү хурлын үеэр үг хэлэх эрх олгосон. Мөн манай намтай хамтарч ажилладаг төрийн бус байгууллага болон залуучуудын төлөөлөлд маань мөн л бага боломж олгосон. Бидний хувьд энэхүү олон улсын бага хуралд чухал ач холбогдол өгсөн. Гэтэл тун бага оролцоотойгоор оролцоо. Харин ардчилалын нөгөө нэг зарчим бол хуулиар зөвшөөрөгдсөн улс төрийн акцуудаар оролцох юм. Тийм учраас бид хуулийн дагуу тодорхой хэсгүүдэд намын гишүүд дэмжигчдийн хамт жагсаал цуглаан зохион байгууллаа. 

 

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ