С.Баярцогт мөнгө угаасан уу

УИХ-ын гишүүн С.Баярцогт Хятадын Монгол буюу Өвөрмонгол хүн гэсэн харъяаллаар Щвейцарийн банкин дахь нэг сая орчим ам доллартай дансаа дэлхийн луйварчдын татвараас зугтаалгасан мөнгийг угааж, эздийг нь нууцалдаг дундын бүсэд байршуулжээ. Тэр бүсэд мөнгө байршуулсан этгээд офф-шорт бүртгүүлдэг бөгөөд данс нь ч офф-шор данс гэж нэрлэгддэг. Энэ дансанд мөнгөө байршуулна гэдэг нь Монгол Улсаас л хөрөнгө, орлогоо нуух гэсэн хэрэг. Тэгсэн мөртлөө АТГ-т өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичихээ мартсан гэж мэдэн будилав.
Иймээс Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлээр хариуцлага хүлээх учиртай. АТГ С.Баярцогтын 2007 оны мэдүүлгээс эхлэн хөрөнгийн хөдөлгөөн бүрийг нь нэг бүрчлэн шалгаж, эх үүсвэр болон зарцуулалтыг ил болгон нийтэд танилцуулах хэрэгтэй. Саяхан УИХ дээр С.Баярцогтын тайлбарласан шиг АТГ тийм гоомой юманд итгээгүй байх. Нууж тайлагначихаад баригдахаараа очоод л засуулчихдаг, тэрийг нь АТГ хүлээж аваад засчихдаг. Тийм байж таарахгүй,
Офф-шор бүсэд данс нээсэн нь бас нэг асуудлыг хөндөж байна. Монгол Улсын иргэн С.Баярцогт улсад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийжээ. С.Баярцогттой холбоотой олон сая доллар, төгрөгийн эх үүсвэр хаанаас гарч ирээд байна вэ? МИАТ-ийн гэгдээд байгаа хэрэгтэй агаар нэг буюу. Өөрт байгаагүй улсын болон бусдын мөнгө, бас авсан авилгаа нууцлагдсан дансанд хуримтлуулаад өөр хэлбэрээр буцаан авах гэж байна уу. С.Баярцогт төрийн өндөр албыг олон жил хашсан, хамгийн сүүлд Сангийн сайд байсан. Хардахаас аргагүй. Түүнийг Сангийн сайдаар ажиллаж байсан үеийн Сангийн яамны орлого санхүүжилт, зарлага, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, тендерийн шалгаруулалт зэргийг нарийвчлан шалгах нь зүйтэй.
Ноён С.Баярцогт энэ дансыг нууцаар нээж мөнгө төвлөрүүлсэн зорилгоо гурав дөрвөн найзтайгаа хувьцааны бизнес хийхээр төлөвлөж байсан гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдэл нь үндэслэлтэй төдийгүй хэрэгжсэн байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, улсаас хулгайлсан, татвараас нуусан, хахууль авсан, дээрэмдэж хулгайлсан, мөрийтэй тоглоомоос луйвардсан, зэвсэг, хар тамхины наймаагаар олсон гэх мэт мөнгийг нууцлагдсан офф-шор дансандаа байршуулаад хувьцаа бондын арилжаанд оролцож, үнэт цаас худалдан аваад эргүүлж худалдах замаар аллага дээрмийн цус үнэртүүлсэн, улс үндэстнийхээ баялаг, газар шороог худалдсаны төлөөх бузар булай мөнгөө санхүүгийн шударга арилжаанаас олсон мэт болгон хувиргаж угаахыг хувьцааны бизнест оролцож мөнгөө угаах гэдэг байна. Олон улсын хууль бус мөнгө угаагчид хувьцааны бизнесийг мөнгө угаах нэгэн арга болгон хэрэглэдэг.
Одоо манай ард түмний сайн мэдэх болсон нэрийг олонтаа сонссон Өмнөговь аймгийн нутаг дахь Оюутолгойн алт, зэсийн ордыг өөрийн мэт барьцаалан мөнгө босгож байгаа хувьцаа нь АНУ-ын Нью-Йоркийн бирж, Канадын Торонтогийн бирж дээр арилжаалагддаг “Turquoise Hill Resources” буюу ”Оюу-Толгой Нөөц” ХК буюу хуучнаар Айвенхо-Майнуз ХК-ийн хувьцааны ханшийн талаарх мэдээллийг өгье. Тус компанийн үнэт цаасны код нь “TRQ”. TRQ Хувьцаат компанийн хаалтын ханш Торонтогийн хөрөнгийн бирж дээр
2008 оны долдугаар сарын 2-нд 10,54 доллар,
наймдугаар сарын 1-нд 11,3 доллар,
есдүгээр сарын 2-нд 11,41 доллар,
аравдугаар сарын 1-нд 6,59 доллар,
11 дүгээр сарын 4-нд 3,17 доллар
байсан бөгөөд есдгээр сараас эхлэн ханшийн уналт эхэлж, 2008 оны 11-р сарын 21-нд хамгийн доод үнэ 1,72 доллар болсон байна.
2008 оны 11 дүгээр сараас 2009 оны гуравдугаар сарыг дуустал ханш тогтвортой бага хэмжээнд 1,72 - 4,60 - 2,85 байснаа 2009 оны эцсээр огцом өсч, 17,50-18,10 долларт хүрсэн ба 2010 онд улам өссөөр 2010 оны 12 дугаар сард 30 доллар болон өсч дээд цэгтээ хүрчээ. Энд хоёр зүйлийг тодруулж тайлбарлая.
Хувьцаа, өрийн бичгийн арилжаанд оролцож мөнгө угаагчид нь тухайн үнэт цаасны ханш дэлхийн эдийн засгийн хямрал буюу бусад шалтгаанаар унаж байгаа үед ихээр худалдаж авдаг. Энэ үед цэвэр мөнгөөр арилжаанд оролцогчид хөрөнгө оруулалтаа (хувьцаагаа зарах) татаж, луйварчид худалдан авдаг. Учир нь луйварчдын мөнгө ямар ч алдагдал хүлээхгүй өөрийн өртөггүй мөнгө юм. Ханш унах үед нь хувьцааг ихээр худалдан авдаг хамгийн аюултай арилжаанд оролцогч бол тухайн компанийн хувьцаа цаашид өсөхийг үе циклээр нь урьдчилан мэдсэн, өсгөх үйл явцад нөлөөлж чадах эрх мэдэлтэй этгээд юм. Тэд хувьцааг ихээр худалдан аваад үнийг нь өсгөх комбинацийг хэрэгжүүлж, өндөр үнэтэй болсон хойно нь зарж асар их ашиг олдог. Энэ этгээдийг олон улсын хөрөнгийн зах зээл дээр ч манай эрх зүйн зохицуулалтад “дотоод мэдээлэл эзэмшигч” гэдэг бөгөөд арилжаанд оролцохыг хориглодог.
Нэгэн тодорхой мэдээллийг та нарт хүргэе. С.Баярцогт 2008 оын есдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Сангийн сайдаар томилогдож, Оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулах гэрээ хийх асуудлаар гадны хөрөнгө оруулагчид буюу “Рио-Тинто” TRQ ХК-тай гэрээ хийх хэлэлцээрт орж эхэлсэн. 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээнд үсэг зурсан. 2010 оны нэг дүгээр сарын 20-ны өдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр харанга цохисон.
Дээрх тодруулга мэдээллүүдээс үндэслэн нууц дансандаа мөнгө төвлөрүүлсэн 2008 оны тавдугаар сарын 29-нөөс мөнгөө татан авсан гээд байгаа 2009 оны хоёрдугаар сарын 12-ныг хүртэл бүтэн есөн сарын хугацаанд бидэнд мэдэгдээд байгаа нэг сая ам.долларыг угаах үйл ажиллагаа явагдсан байж болзошгүй байна. Энэ үйл ажиллагаа эхэлсэн л бол хэдэн ч удаа санхүүгийн операци хийж болох бөгөөд муу муухай мөнгөний халтар царай улам бүр угаагдаж, цэвэрхэн болсоор байхын зэрэгцээ хулгайлсан мөнгөө буцаан байршуулах үйл ажиллагаа хийгддэг. С.Баярцогт дээрх үйлдлийг хийж, хувьцааны арилжаанаас ашиг олсон бол олон улсын хэмжээнд ч Монгол Улсын үнэт цаасны хуулиар ч хариуцлага хүлээнэ.
С.Баярцогт бол TRQ хувьцаат компанийн хувьд дотоод мэдээлэл эзэмшигч төдийгүй хувьцааны ханшид нөлөөлж чадах мэдэлтэн, гэрээлэгч улсын Сангийн сайд гэрээний заалт бүр дээр асуудал гаргаж эрхшээх эрх зүйн чадамжтай субьект юм. Хувьцааны ханш хамгийн доод цэгтээ хүрсэн буюу 2008 оны 11 дүгээр сарын 21-нд хувьцаа худалдан авсан бол /1000,0$:1.72/=582,0 мянган ширхэг хувьцаа авсан байх магадлалтай. Тэгвэл гэрээ байгуулсны дараа огцом өссөн 2009 оны эцсээр худалдсан бол /582,0*17,50/=10 185,0 сая /арван сая нэг зуун наян таван / долларын орлого олсон байж болно.
Авсан – 1000,0/1.72=582.0 мянган ширхэг хувьцаа /нэг бүр нь $1,72/
Зарсан- 582,0*17,50=10.185 мянган доллар
2010 оны дээд түвшин 30 доллараар тооцвол энэ тоо нэг дахин өсч 20 сая долларт хүрнэ. Үүнийг л хууль бус мөнгөөр хувьцааны бизнест оролцож, мөнгө угаан ашиг олох гэж нэрлэдэг болно. Бид үнэнийг олж, хүнийхээ нэрийг ч, улсынхаа нэрийг ч цэвэрлэж авъя гэвэл дараах шалгалтуудыг нарийвчлан хийж тогтоох хэрэгтэй.
Нууц данснаас кридетлэгдсэн буюу гарсан мөнгө хаана байршсаныг олж тогтоох. Тэдний хэлж байгаагаар хувьцааны бизнест орохоор нууц данснаасаа мөнгөө татсан бол Нью-Йоркийн, Торонтогийн, Улаанбаатарын болон бусад улс ямар ч хөрөнгийн биржид итгэмжлэн зуучлуулахаар тохиролцсон брокерийн пүүс, Андеррайтерийн компанийн дансанд хувьцаа худалдан авах захиалга өгч байршуулсан байгаа.
Хэдэн оны хэдэн сард хэдэн ширхэг хувьцаа хэн худалдаж авсныг тогтоох, С.Баярцогт түүний найз нарын. Тухайн эзэмшигч буюу хамтран арилжаанд оролцогчид хувьцаагаа хэзээ ямар үнээр зарсныг, олсон орлогыг, орлого ашгийн мөнгөний гүйлгээ шилжилтийг нарийвчлан олж тогтоох. Дээрх шалгалтуудыг хийхэд тун амархан бөгөөд ийм шалгалтыг нууцлалын зэрэгтэйгээр хийдэг мэргэшсэн аудитын компани ч байдаг.
Хувьцаа худалдан авч эзэмших захиалга өгсөн хувь хүн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, санхүүгийн зуучлал хийж байгаа брокер, диллерийн компанийн өдөр тутмын арилжааг тухайн онуудад хянан магадлахад л дээрх хяналтууд хийгдэх боломжтой. Холбогдох хууль хяналтын байгууллагууд хянан тогтоож, олон түмэндээ мэдэгдэх хэрэгтэй.
С.Баярцогт нэг бүр нь 50 мянган төгрөгийн үнэтэй 1,2 кг жинтэй, 40 мянган ширхэг Намсрай бурханыг нийт 2,0 тэрбум төгрөгөөр БНСУ-д хийлгэн оруулж ирсэн. Энэ хоёр тэрбум төгрөг ямар эх үүсвэрээс гарсан хөрөнгө вэ? С.Баярцогтоос гарсан бол хөрөнгө орлогын мэдүүлэгт нь байсан мөнгө үү, байгаагүй мөнгө үү. Эдгээр бурханыг жигнэж үзвэл 48 тонн болж байна. Бараг нэг вагон ачаа, машинаар бол 4.5 машин ачаа. Энэ ачаа Монгол Улсын аль боомтоор гаалийн болон мэргэжлийн хяналтын магадлал мэдүүлгээр нэвтэрч, улсад хэдэн төгрөгийн татвар хураамж төлсөн бэ?
С.Баярцогт эдгээр бурханыг зурхайн номын хамт УИХ-ын сонгуулийн хууль батлагдсанаас хойш хоёр сар 11 хоногийн дараа буюу УИХ-ын сонгууль эхлэхээс гурван сар 29 хоногийн өмнө 2012 оны хоёрдугаар сарын сүүлчээр Сэлэнгэчүүдэд, өөрөөр хэлбэл өөрийнх нь төлөө санал өгөх сонгогчдод тараажээ. Зурхайн номын нүүрний хуудсанд эрхэм хүний зураг, Намсрай бурханы ард УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Сангажавын Баярцогт гэсэн нэр дурайж байх ажээ.
2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлан тэр өдрөөсөө хүчин төгөлдөр болон мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн 35 дугаар зүйлийн 15 дахь заалтад сонгуулийн жил эхэлмэгц сонгогчдод эд материал, үнэт зүйлс тараахыг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гэсэн үг шүү дээ. Энэ хууль бус үйлдлийг Сонгуулийн ерөнхий хороо, хууль хяналтын байгууллагынхан хараагүй сонсоогүй гэсэн үг үү.
Хамгийн ихээр Монголчуудын сэтгэлд хар сүүдэр тусгаад байгаа асуудал бол С.Баярцогт өөрийгөө Хятадын Монгол гэж хаягласныг жигшин зэвүүцэж байна.Манай ард иргэдэд С.Баярцогтыг УИХ дээр үг хэлэх нь битгий хэл, сууж байгааг нь харахад хэцүү байгаа нь ажиглагдаж байна. Илт зэвүүцэн дургүйцэж байна. Монгол гэхээсээ ичээд байсан юм бол ядахдаа Оросын Монгол гэх нь яагаа вэ. Арай л зөөлөн сонсогдох байх даа. Та юу хэлнэв. Тэд л тэгээд биччихсэн байна, би мэдэхгүй гэнэ. Тэд гэж хэн бэ?
Эрхэм гишүүн Логийн Цог С.Баярцогттой хар залуугаас нь хамт төрд зүтгэснээ хэлээд “ Их л худлаа ярьдаг болсон байгаа юм” гэв. Хашир хуульч нэгийг бодож л энэ үгийг хэлэх шиг болсон.
//
СЭТГЭГДЭЛ БИЧИХ