2013 оны улс төрийн онцлох үйл явдлыг нэрлэж байна

“Bataar.mn” мэдээллийн вэбсайтын зүгээс улиран одож буй 2013 онд Монгол Улсын нийгмийн бүхий л салбаруудад ямар ямар онцлох үйл явдлууд болж өнгөрснийг энэ долоо хоногт цувралаар нэрлэх болно.
Өнөөдрийн хувьд манай орны улс төрийн амьдралд өрнөсөн үйл явдлуудаас хамгийн дуулиан дагуулсан үйл явдлыг онцлон нэрлэж байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль боллоо
2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж монголчууд Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржид итгэл үзүүлэн улираан сонгосон нь энэ оны улс төрийн гол үйл явдал байлаа. Түүнтэй өрсөлдсөн МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонгогчдын 41.97, МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвал 6.5 хувийн санал тус тус авсан юм.
Харин нэр дэвшигч Ц.Элбэгдорж 50.23 хувийн саналыг авснаар 2017 оныг хүртэл хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн албан тушаал хашихаар болсон юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг харьцангуй элдэв хар пи ар, санал хураалт, тооллогын будлиан багатай болсон гэж дүгнэж болохуйц. Ийнхүү могой жилдээ ирэх дөрвөн жилд ард түмнээ удирдах төрийн тэргүүнээ амжилттай сонгож чадсан юм.
2. МАН-ын Их, Бага хурал болов
Цагтаа цалгиж төрийн бүх эрхийг гартаа оруулж явсан Монгол Ардын нам гурван шатны сонгуульд дараалан ялагдсан бараан түүхээр 2013 оныг үдэж буй. Тус намын гишүүд том жижиггүй угсраа ялагдлуудын бурууг хэнээс хайх тухай ярилцсаар, намынхаа Их хуралтай золгосон юм.
Намын их хурлаар хотын фракцын М.Энхболд, Ж.Мөнхбат нарын гарт удирдлагын эрх очсон боловч энэ хүртэл яригдсаар ирсэн намын дотоод дахь шинэчлэлийн асуудал хангалттай шийдэгдэж чадаагүй хэмээн хэвлэлүүдээр бичигдэж байлаа. Улмаар намын Бага хурлынхаа гишүүдийг сонгож, хуралдуулсан юм. Их, Бага хурлаас батлагдан гарсан үзэл баримтлал, бодлогын хүрээнд МАН ямархуу улс төрийн сөрөг хүчин болохыг ирэх онд бид харах үлдээд байна.
3. Н.Энхбаяр суллагдав
2012 онд дуулиантайгаар баривчлагдан, авлигын хэргээр ял сонссон Н.Энхбаяр ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан нь энэ онд болсон улс төрийн онцлох үйл явдлын нэг байлаа.
2012 оны наймдугаар сарын 01-нд шүүхээс дөрвөн жилийн ял сонссон Н.Энхбаярыг яг нэг жилийн дараа сулласан юм.
Энэ үйл явцыг намуудын тохироо хэмээн харах хүн олон байсан ч МАХН-ынхан үгүйсгэж байсан юм. Улмаар гадаадад эмчлүүлэх шаардлагатай хэмээн БНСУ-ыг зорьсон ба өнөөдрийг хүртэл эргэн ирээгүй байна.
4. С.Баярцогтын нууц данс илрэв
Магадгүй манай улстөрчдөөс гадаад дахь нууц данс нь илэрч шуугиан дэгдээж байсан түүх өмнө нь байхгүй бизээ.
Тэгвэл УИХ-ын дэд дарга С.Баярцогт ийнхүү шуугиулж дотоодын төдийгүй гадны хэвлэлд ч бичигдээд амжсан юм.
Хэдийгээр түүний зүгээс албан ёсны тайлбарууд хийгдсэн ч хэвлэлүүд түүнийг өмөөрч нэг ч дуугарсангүй, олон нийтийн дунд улстөрчийн рейтинг нь машид унасан болов уу.
Улмаар түүнийг гишүүний суудлаас нь эргүүлэн татах байр сууринд улс төрийн нам хүчнүүд зогссон ч УИХ дахь олонхийн зүгээс эргүүлэн татах шаардлагагүй хэмээн үзэж дэд даргын суудлаас нь огцруулав.
5. Монгол Улсын төрийн тэргүүн Умард Солонгост айлчлав
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажилдаа эргэн орсныхоо дараа хийсэн албан айлчлалуудаас хамгийн томоохонд тооцогдох нь БНАСАУ-д хийсэн төрийн дээд хэмжээний айлчлал юм.
Бүс нутгийн төдийгүй дэлхий дахинаа халуун цэг болсоор ирсэн Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах, олон улсын дипломат оролдлогууд тэр бүр амжилттай болдоггүй.
Харин манай ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны уламжлалт найрсаг харилцааг олон салбарт өргөжүүлэх үндсэн чиглэл дор хийгдсэн ч олон улсын хэмжээнд онцлон ажиглаж байсан нь Монгол төрийн гадаад бодлогыг идэвхтэй, хүчтэй болгон харагдуулж чадсан.
6. Олон улсын томоохон хурал нийслэлд болов
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн VII бага хурал Монгол Улсад маань зохиогдсон нь сүүлийн жилүүдэд бүс нутгийн төдийгүй дэлхий дахинаа манай улсын нэр хүнд өсөж буйн илэрхийлэл болсон юм.
Тиймээс энэхүү бага хурлыг 2013 оны улс төрийн амьдралын онцлох үйл явдлын нэгээр нэрлэж байна. Энэ үеэр олон орны өндөр түвшний төлөөлөгчид зочилсны дунд Мьянмарын ард түмний эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэгч, улстөрч, Нобелийн шагналт Ан Сан Сү Чи Монгол Улсад айлчилсан юм.
Ан Сан Сү Чи айлчлалын үеэр хэлсэн үгнүүд дотроос “Дүр эсгэсэн ардчилал хамгийн аюултай” хэмээсэн үг манай олон нийт, хэвлэл мэдээллийнхний анхааралд ихээхэн өртөж байв.
7. “Том төрөөс Ухаалаг төр лүү”
Ерөнхийлөгч санаачилж “Том төрөөс Ухаалаг төр лүү” нэрт төрийн нүсэр аппаратыг өөрчлөх шинэчлэлийн ажилд уриалан дуудсан нь олон нийт, улс төрийн намууд, парламентын гишүүдийн дэмжлэгийг хүлээгээд байна.
Улмаар энэхүү ажлын эхлэл болж УИХ, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан ба энэ хууль батлагдвал 2016 оноос УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашихгүй юм.
8. Р.Амаржаргал гишүүн бүрэн эрхээсээ татгалзав
Оны сүүлэн дээр Р.Амаржаргал гишүүн бүрэн эрхээсээ албан ёсоор татгалзах өргөдлөө өгсөн. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хүсэлтийг хэлэлцэж, 65 гишүүнээс 34 гишүүн чөлөөлөх шаардлагагүй гэж үзсэн.
Тэрбээр өнөөгийн төр засгийн байдал, шийдвэр, түүний үр дагавраас ичээд өргөдлөөөглөө гэсэн тайлбарыг хийсэн.
Ямар ч байлаа гэсэн УИХ ард түмний өмнө хариуцлага хүлээж алдаагаа харж засч ажиллах ёстой гэсэн том санамж цочоог танхимынхаа гишүүдэд өгч чадсанаараа Р.Амаржаргал гишүүний энэ алхам улс төрд унацтай байлаа гэж дүгнэж болох юм.
Bataar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ