Циркийг PC тоглоомын төв болгох гэж авсан юм уу, Д.Сумъяабазар гишүүн ээ

Анх циркийг хувьчлах үед урлагийн голомт болсон энэ газрын зориулалт, үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр ажиллуулах, ажилчид, жүжигчдийг нь халахгүй, цаашид сургаж хөгжүүлэх. Түүнчлэн хувьд очсоны дараа уран бүтээлчид, ажилчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх шаардлага ч тавьсан байдаг. Гэтэл энэхүү шаардлага тухайн цаасан дээрээ үлдсэн гэдгийг бид өнгөрсөн зургаан жилийн туршид мэдэж байгаа.

Монголдоо ганцад тооцогддог циркийн урлаг мөхлийн эрмэг дээр тулж иржээ хэмээн шүүмжилж байсан ч нэгэнт хувьчлагдсан болохоор ямар ч аргагүй байсан. Өнөөдөр цирк гэхээс илүүтэйгээр түрээсийн байгууллага болон үйл ажиллагаагаа явуулж байна. Авто машины худалдаа, түргэн хоолны газар, хоёр ч банк, супермаркет, гар утасны худалдааны төв байрлах болоод багагүй хугацааг үдэж байна.

Түүнчлэн компьютерийн хамгийн том худалдааны төв, авто угаалгын газар, “Тист” бейкери хүртэл энд үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, хэдхэн жилийн өмнө төрсөн өдөр, шинэ жилийн баяраар илбэ, акробат, сургуультай амьтдын содон үзүүлбэрүүдээр нь дүү нараа гайхшируулахаар сэтгэл догдлон зорьдог байсан цэнхэр асар “орвонгоороо” эргэсэн байна. Одоо эндээс хамгийн сүүлийн үеийн компьютер, гар утас, тэр ч бүү хэл машин худалдаж авч болно. Хажуугийнх нь зоогийн газарт хэсэг тухалж, мөнгө дутвал банкаар үйлчлүүлж, супермаркетаас нь ойр зуурын хэрэгцээний зүйлээ авч болохоор байна.

Үүнээс гадна өргөтгөлийн хоёрдугаар давхарт PC тоглоомын томоохон төв нээгджээ. Хоёр том зааланд нийтдээ 100 гаруй хүүхдүүд тоглож байна. Ихэнх нь сургуулийн насныхан. Өдөр шөнөгүй аллага хүчирхийлэлтэй тоглоомонд донтож архи тамхи, садар самуун элдэв вэб хуудас үзэгдэх PC тоглоомын орчинд насан хүрээгүй жаахан хүүхэд оролцох нь хүмүүжлийн доголдол болоод зан харилцааны гаж сэтгэхүйтэй болж байгаа тухай мэргэжлийн эмч нар хэлдэг. Гэтэл монголын циркийн урлагийг мөхлийн эрмэгт авчирсан атлаа хүүхэд багачуудыг PC тоглоомын төвд бойжуулж байна.

Энэхүү объёкт УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын эзэмшлийнх. Жудаг ярих дуртай тэрбээр ийм үйлдэл гаргаж байгаад харамсч байна. Харин энэ жудаг мөн үү гэж эрхэм гишүүнээс асуумаар байна. Төр засгаас PC тоглоомын төвийн тоог бууруулах талаар бүхий л арга хэмжээ авч байна. Засгийн газраас “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах” журмыг боловсруулсан гаргасан удаатай.

Энэ бол циркийн зүүн талд байдаг түрээсийн байгууллагууд. Харин баруун талд “IT world” байдаг. Түлхүү худалдаа үйлчилгээний компаниуд байдаг. Түрээслэгчид нь анх энэхүү объёктод орохдоо өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлж, засвар хийсэн. Гэтэл өнөөдөр талбайгаа чөлөөл гэсэн бичгийг л гар дээрээ хүлээн авсан байна. Энэ зүйлийг хүлээж авахгүй гэсэн түрээслэгчид нь нэгдэн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарт хандсан боловч өнөөдрийг хүртэл таг чиг. Түрээслэгчдийн хувьд нэг метр квадрат тутамд 10 мянган төгрөгийг үйлчлүүлэгч татах хөлс хэмээн хураалгадаг. Гэтэл өнөөдрийг хүртэл үйлчлүүлэгч татах нэг ч алхам хийгээгүй байна хэмээн гомдолж байсан юм.

Ямартай ч дээрх зүйлс эрхэм гишүүн маань анхаарлаа хандуулах ёстой байх аа. Эс тэгвээс ирээдүй хойч болсон хэдэн балчир үрс тань PC тоглоомын төвд бойжиж, түрээслэж ашиг олох гэсэн биш алдагдалд ороод байгаад хэдэн түрээслэгчид тань хэцүүдэх нь.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ