“Цахилгаан тээвэр” компанийг хувьчлах санаархал цухалзаж эхлэв

Төрийн өмчит компаниудыг жил, улирал дараалуулан ашиггүй ажиллуулж, үнэгүйдүүлэн хувьчилдаг байдалд цэг тавина хэмээн эрх баригчид амлаж, Төрийн өмчийн хорооны шинэ бүтэц бүрэлдэхүүн ч энэ талаархи мониторингийг бүтэн жилийн туршид хийж байгаа. Энэ ажил ид өрнөж байхтай давхцан Төрийн өмчит компани болох “Цахилгаан тээвэр” компанийг хувьд шилжүүлэх гэсэн санаархал тэнэж эхэлжээ. Одоогоор төрийн өмчит 20 гаруй компани, үйлдвэр бий. Эдгээрээс багагүй алдагдалтай ажилласан нь “Цахилгаан тээвэр” компани юм. Захирал нь гэж дэндүү хувийн амбийц хөөсөн энэ газар сүүлийн үед алдагдал нь хэдэн тэрбумыг давж байгаа ч орлогын хувьд шархаа нөхөөд л байдаг тухай жолооч, кондукторууд нь ам уралдан ярьдаг. Хамгийн бага түлш зарцуулдаг дуобус зэрэг машин зохион бүтээснээ гайхуулан төлбөрт мэдээ, ярилцлага байнга өгдөг Д.Жаргалсайхан захирал ажилчдынхаа цалинг хэзээ ч цагтаа тавьдаггүй, энэ байдал сүүлийн хоёр жил үргэлжилж, өнөөдөр ч шинэ оны босгон дээр “Цахилгаан тээвэр” компанийн ажилчид цалингүй сууцгааж байна.

Гэтэл улсын өмчид байгаа болохоор ийм байдалд байгаа, хэрвээ хувьд гарчихвал менежмент хийж ашигтай ажиллаад шархаа нөхөөд, цалингаа нэмээд, цагт нь тавиад байх боломжтой гэсэн цуурхалыг тус компанид удирдлагуудынх нь хэн нэгэн тарааж, энэ яриаг газар авахуулж, тэр ч бүү хэл үүнд нь итгэсэн цалингийн ажилчид Төрийн өмчийн хороонд хүртэл ийм санал явуулаад амжсан сурагтай. 20 гаруй жилийн түүхтэй, 50 орчим троллейбус, тогоор ажилладаг 10 гаруй автобустай тус компани зөвхөн улсаас нөхөн төлбөр авахдаа л нэг хүний 400 төгрөгөөр бодож авдаг, ашиггүй ажиллах үндэсгүй гэдгийг кондукторууд ч батална. Гэвч албаар ашиггүй ажилладаг уу гэсэн хардлага өөрийн эрхгүй төрдөг аж.

Өнгөрөгч хавар л гэхэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн уулзалтын дөрвөн өдөр “Цахилгаан тээвэр” компани өдрийн найман сая төгрөгөөр нийтдээ 32 сая төгрөг улсаас авч үйлчилгээ үзүүлсэн байгаа юм. Цаашлаад ашигтай ажиллах олон шалтгаан тэдэнд хангалттай бий. Басхүү ажилчдаа байнга халдаг, сэлгэдэг байдлаас үүдэлтэйгээр цалингийн зардал багагүй хэмнэдэг талаар ч тус газарт ажилладаг жолооч нар захаасаа хэлээд өгнө. Ер нь Д.Жаргалсайхан захиралтай “Цахилгаан тээвэр” төрийн өмчит компани Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн, аудитын шалгалтаар бөөн факт илэрсэн гээд асуудлууд олон бий. Энэ бүхнийг базаад хэлэхэд ашигтай ажиллах боломж бий гэдгийг Төрийн өмчийн хороо олж харсан байдаг. Гэтэл ашиггүй нэртэйгээр энэ компанийг хувьд гаргах гэсэн санаархал ойрноос тэнүүчилж эхэлсэн нь албаар ашиггүй ажиллав уу гэсэн асуултыг яалт ч үгүй тавихад хүргэж байгаа аж. Ийнхүү шинэ онтой зэрэгцэн төрийн өмчийн нэг компанийг үнэгүйдүүлэх айдас тэндхийн ажилчдын дунд газар аваад байна. Үүний цаана хэн байна вэ?

Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ