Манай ерөнхий редактор шилдэг сэтгүүлч болов

Монголын сэтгүүлзүйн шилдэгийг шалгаруулах ёслол өнөөдөр ёслол төгөлдөр болж өнгөрсөн бөгөөд сэтгүүлчид баяраа ямар ч алкохолгүй тэмдэглэлээ.
Хөдөө орон нутаг болон, хэвлэл, радио, телевиз, сайт зэрэг олон салбарыг хамруулснаараа энэ шагнал Монголын сэтгүүл зүйн салбарын шилдгүүд гэсэн тодотголдоо тохирчээ. 2013 оны хувьд Монгол улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиосноороо онцлог жил байлаа.
Шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээсэн МСЭ-ийн ерөнхийлөгч, СГЗ Б.Галаарид нээлтийн үг хэлэхдээ, “Амжилтаа тайлагнах цаг ирлээ. Аварга биетэй, бодол богинотой төрийг ухаалаг төр болгоход сэтгүүлчдийн гүйцэтгэх үүрэг их” гэсэн юм. Мөн тэрээр “Энэ удаагийн шагнал гардуулах ажиллагаанд нэг ч улс төрч ирээгүй, гадны нөлөө ороогүй." гэж онцолж байлаа. Сэтгүүлчид өөрсдийн хүч хөдөлмөрөөр оны шилдгүүдээ анх удаа шалгаруулсан нь энэ юм.

Энэ үеэр манай www.bataar.mn мэдээллийн сайтын ерөнхий редактор Б.Батчимэг Монголын мэдээллийн сайтуудын шилдэг сэтгүүлчээр шалгарсан билээ. Тиймээс Б.Батчимэгтээ улам их амжилт хүсэн ерөөе.
Сэтгүүлзүйн шилдэгийн шилдэгийг шалгаруулах уг шалгаруулалтанд сэтгүүлчид шинэ жилийн нэгдсэн арга хэмжээгээ ийнхүү ямарч алкохолгүй тэмдэглэж байгаагаа олзуурхан хүлээн авч байлаа. Уг шалгаруулалтаар хэвлэлийн салбарт ажиллаж байгаа бүх мэдээллийн хэрэгслүүдээс тус бүр оны шилдэг сэтгүүлч, оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг тодруулсан бөгөөд Гран При буюу Шилдгийн шилдэг гэсэн хүндтэй шагналыг ийнхүү хоёр төрөлд тус бүр нэгийг гардуулсан юм. 2013 оны шилдгийн шилдэг сэтгүүлчээр Eagle ТВ-ийн олон улсын тоймч, орчуулагч Ш.Гантулга шалгарсан бол шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар UBS телевиз шалгарсан юм.Ийнхүү Монголын сэтгүүл зүйн 2013 оны айргийн тавууд тодорч, өргөмжлөл, цомоо ахмад сэтгүүлчдээс гардлаа.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ