"Хамтдаа зүтгэж байж "чи хаагдаж, хумигдах ёстой" гэж чичлэх ёсгүй"

Монголд үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Монголын cэтгүүлчдийн эвлэлээс зохион байгуулсан “Монголын сэтгүүлзүйн салбарын 2013 оны шилдгийн шилдэг”-ийг шалгаруулах хүндэтгэлийн ёслол өнөөдөр "Бэст Вэстэрн Премьер Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд боллоо. Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагыг долоо, оны шилдэг сэтгүүлчийг есөн номинациар шалгаруулж, сэтгүүлзүйн салбарын бүхий л салаа мөчрийг хамарсан онцгой чухал үйл явдал боллоо. Энэ үеэр 2013 оны телевизийн шилдэг сэтгүүлчээр шалгарсан TV5 телевизийн сэтгүүлч Э.Дагиймаатай цөөн хором ярилцсан юм.

-Юуны өмнө Монгол Улсын 2013 оны телевизийн шилдэг сэтгүүлчээр шалгарсан баяр хүргэе. Сэтгэгдэлээ хуваалцаач?

-Манай TV5 Монгол Улсын 2013 оны шилдэг телевизээр шалгарсан бол миний хувьд телевизийн шилдэг сэтгүүлчээр шалгарлаа. Маш их баяртай байна. TV5 телевизийн хувьд өмнө нь дөрвөн удаа энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байсан бол ийнхүү тав дахь удаагаа хүртэж байна. Миний хувьд гурав дахь удаагаа телевизийн шилдэг сэтгүүлчийн шагналыг хүртлээ. Өнгөрсөн 20 жилийнхээ ажлыг дүгнүүлэн сэтгүүлзүйн 100 жилийн ойгоор энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байгаадаа билэгшээж байна.

-Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн байгууллагын тоо эрс нэмэгдэж, түүнийгээ дагаад өрсөлдөөн бий болж байна. Ер нь таны бодлоор монголын сэтгүүлзүйн хөгжлийг юу гэж тодорхойлж байгаа вэ?

-Монголын сэтгүүлзүйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд үзэгч, уншигчид нь үнэлэлт дүгнэлт өгнө. Түүнээс биш энэ салбарын төлөө хамтдаа зүтгэж байж “чи хаагдах ёстой, хумигдах ёстой” гэж чичлэхээс илүүтэйгээр үзэгч, уншигчид үнэлэлт дүгнэлтээ өгөөд аажмаар буюу 10 жилийн дараа шигшигдээд үлдэнэ гэж боддог.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ