Хилээр хийн буу оруулж ирэхийг завджээ

Гаалийн eрөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомтоор энэ сарын 21-ний өдөр Монгол Улсын иргэн Д галт зэвсэг оруулахыг завджээ.

Тэрбээр Москва-Бээжин чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр ОХУ-аас зорчин Монгол Улсын хилээр нэвтрэхдээ авч яваа цүнх болон хувцас хэрэгсэл, бээлийндээ 7.26 мм-ийн хийн гар буу нэг ширхэг, хийн бууны цэнэглэгч газан баллон есөн ширхгийг нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид илрүүлсэн байна.

Хийн гар буу болон түүний цэнэглэгч газан баллон нь тусгай хэрэгсэлд хамаарах бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллага хилээр нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалттай. Тиймээс уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байгаа аж.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ