Дэлгүүр дээрэмдсэн цагдаад таван жилийн ял оноолоо

ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн хэлтсийн эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн ахмад Ч.Эрдэнэжаргал өнгөрсөн наймдугаар сарын 2-ны 21 цаг 40 минутын орчим Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо 14-р байрны нэгдүгээр орц 01 тоотод байрлах "Толла" хүнсний дэлгүүрт хийн буу ашиглан нэг удаа хий буудаж худалдагч Ө.Октябрыг айлган сүрдүүлж орлогын 440.000 төгрөг дээрэмдсэн. Мөн тус сарын 27-ны өдөр дахин 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний Дөт” хүнсний дэлгүүрт мөн хийн буу ашиглан хоёр удаа буудаж худалдагч Ө.Батцэнгэл, Ц.Үүрийнгэгээ нарыг айлган сүрдүүлж дээрэмдэхийг завдсан, есдүгээр сарын 9-ны өдөр 22 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо 14-р байрны нэгдүгээр орц 01 тоотод байрлах "Толла" хүнсний дэлгүүрт хийн буу ашиглан худалдагч Э.Туул, Нямсүрэн нарыг айлган сүрдүүлж орлогын 606.300 төгрөг дээрэмдсэн, 2013 оны есдүгээр сарын 18-ны өдөр 21 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 4-р хороо 14-р байрны 1-р орц 01 тоотод байрлах "Толла" хүнсний дэлгүүрт мөн хийн буу ашиглан 2 удаа буудаж худалдагч Т.Доржсүмбэ, Э.Туул нарыг айлган сүрдүүлж дээрэмдэхийг завдсан үйлдэл гаргаж үйлдэл дээрээ баригдсан юм.
Тэгвэл Ч.Эрдэнэжаргалд холбогдох хэргийг Нийслэлийн прокуророос газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс түүнийг дөрвөн удаагийн үйлдлээр бусдыг айлган сүрдүүлж дээрэмдсэн хэмээн 5.1 жилийн ял оноосон байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ