Эхнэртэйгээ таарамж муутай хүнтэй хэзээ ч бүү нөхөрлө

Гудамжинд хэн нэгнийг хүчирхийлж биед нь гэмтэл учруулсан бол, эсвэл заналхийлэн сүрдүүлж, эд хөрөнгөд нь халдаж эвдэлж хэмхэлсэн бол эрүүгийн хэрэг үүсч гэмт хэрэгт тооцогддог. Харин энэ бүх хэрэг гэр бүлийн хүрээнд буюу хаалганы цаана болж байвал хэнд ч хамаагүй мэт сэтгэхүй бидэнд бий. Бид гэр бүлийн хүчирхийллийн талаархи уламжлалт ойлголтоо өөрчлөх болжээ. Хувь хүний асуудал, эр эмийн хэрэг гэж боддог энэ сэдэв бол эрүүл нийгмийн хамгийн чухал нь. Хүчирхийллийн үр дагавар өнөөдөр хэн нэгэн бүсгүй зодуурын улмаас амь насаа алдсанаар, өөрийгөө хамгаалах гэж, эсвэл арга барагдаж үр хүүхдээ дарамтаас чөлөөлөх гэсэндээ эр нөхрөө хороож шоронгийн хаалга татсанаар дуусч байна. Ингэж төгсгөлгүйгээр өөрчлөх олон арга ухаант хүнд бий сэн. Үүний тулд эхлээд толгойд гүн бат суусан тэр ойлголтоо өөрчлөх хэрэгтэй байна. Мэдээж үүнтэй зэрэгцээдхууль эрх зүйн өөрчлөлт, эрх хязгаарлах боломжууд, үүнийг хянаж нягталж байх олон шаардлага бий.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юуг хэлдэг, энэ нь гэмт хэрэгт тооцогддог талаар бидний дийлэнхэд нь тогтсон ойлголт байдаггүй л дээ. Дунд сургуульд байхад доод давхарт маань байдаг найз охин зарим өглөөд жигтэйхэн гунигтай, ааш муутай гарч ирдэг байлаа. Зарим өдөр жаахан гараа зангидчихаад "алчихмаар санагдаж байна" гэж нулимс цийлэгнүүлдэгсэн.Тэгэхэд нь урд шөнө аав нь тэднийг зовоож дээ гэдгийг би мэддэг байлаа. Ээж нь гэж даруухан, ажилдаа ч мундаг эмэгтэй. Хүний өөдөөс сөрнө гэж байхгүй. Аав нь ажил хийхээ байж, өдрийн норм мэт архи нэхэж уух атлаа оройд тэднийг зовооно. Сүүлдээ найз маань ээжийгээ хамгаалж аавтайгаа тэмцэхэд шөнө орондоо орсон хойноо ээжийг нь чимхэлж шөнөжин тамлаж, дагавар хүүхэд нь тэрсэлж байгаа талаар баахан гоншигнодог байсан гэдэгсэн. Энэ нь гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл байж гэдгийг хорь гаруй жилийн дараа л ойлгов. Жендерийн чиглэлээр хилийн чинадад номын дуу сонсч байхдаа гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал гэсэн тусгайлсан хичээл үзэж байж ойлгож байгаа хэрэг шүү дээ. Ааш муутай аавтай тэдний гэр бүлийн асуудал нь гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг байжээ гэж. Над мэт ийм ойлголттой хүмүүс өнөөдөр зөндөө. Би бол Монголын нийгмийн нэг нэгж, нэг үзүүлэлт нь. Тиймээс ч гэр бүлийн хүчирхийлэл гэж юу болох талаар бид тогтож ирсэн үзэл бодол, ойлголтоо өөрчилье гээд байгаа хэрэг.
Тун саяхан 21 настай залуухан бүсгүй хамтран амьдрагчдаа зодуулан амь насаа алдав. Хохирогчийн найз охин алуурчныг зүгээр өнгөрөөмөөргүй байна гэж хэвлэлд хандсанаар олон нийтийн анхааралд орсон. Гэвч бэл бэнчинтэй сэжигтний ар гэрийнхэн шүүх эмнэлэгт нөлөөлснөөр өөрсдөдөө ашигтай дүгнэлт гаргуулаад авчихсан байгаа талаар бичигдэж байгаа билээ. Хэрэв найз охин нь хэвлэлд хандаагүй бол энэ хэрэг тэгсгээд л өнгөрөх байсан биз. Бас өнгөрсөн долдугаар сард Булганы Бугатад нөхөртөө жирэм олмоор зодуулсаар байгаад хорвоог орхисон гурван хүүхдийн эх бүсгүйн хэрэг одоо дэлгэгдэж байна. Хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн талаар яриад ирэхээр охиноо алдсан ээж дуугарч эхэлсэн нь энэ. Энэ мэт мэдэгдэхгүй хэчнээн хэрэг гардаг бол.
Өнгөрсөн есдүгээр сард Говьсүмбэрийн багш эмэгтэйг нөхөр нь барилгын багажаар зодож бүх ясыг нь хугалж амь насыг нь хөнөөсөн байдаг. Хамт амьдрах 21 жилийн хугацаанд 31 шүдийг нь булга цохисон гэх. Ямар амьдрал вэ. Өвчин намдаах эм хийлгээд авахуулсан ганц шүд яаж шаналгадаг билээ. Бусдын буулганд тэгж тамлуулчихаад, бүх ясаа хэмхчүүлэн амиа алдан алдтал нь түүнийг хэн ч анзаараагүй, түүнд хэн ч туслаагүй гэхээр харамсалтай. Төр улс, хууль цааз гэж байдаг юм бол хүнийг амьдаар нь тамлан алж байхад хаана байсан юм бол доо. Энэ бүхэн бидний тогтсон ойлголт бас хууль нь хүнийхээ төлөө хийгдээгүйтэй холбоотой.
2010 оны арванхоёрдугаар сараас 2013 оны есдүгээр сарын хооронд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх 49 хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Гэвч энэ бол үй олон хэргийн цөөхөн нь. Хүмүүс ихэвчлэн үүнийг гэр бүлийн хүрээний хэрэг гэж боддог. Ичдэг нуудаг. Нэр төр, гэр бүлээ хамгаалж байна гэсэн нэрийн дор тэвчсээр байгаад эмгэнэлтэй төгсдөг. Нийгэм нь тухайн хүнийг гэмт хэргийн золиос боллоо гэж боддоггүй. Бараг хохирогчийг буруутгадаг. Цагдаа ирлээ ч нэмэр болохоосоо нэрмээс болдог. Энэ төрлийн таван хэргийн нэг нь л цагдаад бүртгэгддэг гэсэн судалгаа байдаг болохоор цагдаагийн мэдээллээр бид чих амар суугаад байж боломгүй. Дээрээс нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нэлээд нь цагдаа болон хүчний байгууллагад ажилладаг хүмүүс байдаг гэсэн цочирдом баримт байна. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагад хандаж байгаа хүүхнүүдийн нэлээдийнх нь нөхрүүд цагдаагийн байгууллагад ажилладаг эсвэл ажиллаж байсан хүмүүс байдаг байна. Тэд ил харагдахгүй газруудыг олж зодохоо мэддэг, голдуу биеийн доод хэсэг рүү нь өшиглөж зоддог аж. Бас хамгаалах байранд нуугдсан байхад нь мэдээлэл олж авах давуу эрхээ ашиглаад араас нь нэхээд ирчихдэг гэсэн.
Өмнөговьд нэг бүсгүй нөхрийнхөө хүчирхийллээс айж хээр нуугдаж байна гэсэн мэдээллийг найз хүүхэн нь өгснөөр Хүчирхийллийн эсрэг төвийнхөн орон нутаг руу нь хандсан байгаа юм. Гэвч өнөөх хүчирхийлэгч нь цагдаагийн газарт ажиллаж байсан нэгэн, бусад нь ч ямрыг нь мэддэг. Тэглээ гээд хөөрхий бүсгүйд тусалж байгаа нь үгүй, арга ядахдаа намрын сэрүүн хэдийнэ орсон цагт хээр хөдөө амь зулбасан байхав дээ. Энэ мэт халдлагад өртөгсдийн хажуу хавиргынх нь улсууд ч үүнийг мэдээлэхээ хариуцлага гэж мэдэрч, хууль шүүх нь ч хэв маягаа өөрчлөх ёстойг анхааруулж байгаа юм. Энэ талаар өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдэхдээ анхааруулсан билээ. Ямартаа ч улсын тэргүүн нь үүнд анхаарлаа хандуулах ёстой болсныг мэдэгдлээ, үүнийг шат шатны байгууллага нь, хувь хүмүүс бидний асуудал гэж бодож хүлээж аваасай. Хэрэв хэн нэгэн хүүхэд хүчирхийлүүлж, дарамтлуулж байгааг мэдсэн ч мэдээгүй юм шиг байж, зохих газарт нь мэдэгдээгүй бол гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ял оноодог хууль Австралид байдаг. Бас эрх хязгаарлах шийдвэрийг шүүхээс гадна цагдаа гаргадаг болсон байна лээ. Гэтэл манайд цагдаа эрх хязгаарлах эрх байдаг гэдгийг нь танилцуулах л үүрэгтэй. Ийм дуудлагаар ирсэн цагдаагийнхан гэр бүлийн маргаан бидэнд хамаагүй гэж үздэг бөгөөд хоорондоо зохицохыг заавардаад орхиод явчихдаг. Бүр ихэдлээ гээд 72 цаг урьдчилан хорьдог. Ингэхдээ тэр хүний бодол санаа, хэв маягт нь өөрчлөхийн тулд юу ч хийдэггүй бөгөөд гарч ирэхдээ бүр их өс хонзогнол өвөртлөөд гарч ирдэг.Хэдэн жилийн өмнө Хан-Уул дүүрэгт арван настай хүүхойд эцэг нь урьдчилан хорихоос гарч ирдэг өдөр "Надаас болж аав таныг илүү их зовооно. Танд туслахын тулд хүү нь явлаа" гэж бичээд хөшигний төмрөөс өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн байсан билээ. Ер нь Монгол Улс Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуультай болоод есөн жил болж байгаа ч энэхүү хуулиндаа оруулах өөрчлөлтийг хамт батлаагүйгээс энэ мэт өрөөсгөл зохицуулалт нэмэр болох байтугай нэрмээс болж иржээ. Бас урьдчилан хорих төвөөс гаргаж авахын тулд өнөөх зодуулж жанчуулсан эмэгтэй талхныхаа мөнгөнөөс илүүчлэн байж төлбөр төлөөд гаргаж авна гээч. Үүнийг Ерөнхийлөгч "Эр хүний гараас мултраад төрийн дарамтанд ордог" гэж тодорхойлсон билээ.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсээс гадна хүчирхийлэгчтэй нь ажилладаг арга олон улсын жишигт бий. Хэдийгээр тэр хүмүүсийн хэв маягийг өөрчлөхөд багагүй цаг хугацаа ордог ч амжилт дагуулдаг л юм билээ. Австралид цагаан туузтнууд буюу эрчүүдтэйгээ ажилладаг төрийн бус байгууллагууд бий. Тэдэнд Засгийн газраас нь хөрөнгө мөнгө төсөвлөн өгдөг. Тийм байгууллагын ажилтан нэг эр ярихдаа "Тэдэнд айлын хүүхнийг зовоож болохгүй гэж ярихаасаа чиний охин хүүхдийг хэн нэгэн эр ингэж байна гэж төсөөл дөө" гэж ярихад их нөлөөлдөг гэж ярьж байсан санагдана. Гэхдээ тэнд гэр бүлийн хүчирхийлэл аборжинал өрхүүд буюу уугуул иргэдийн дунд их гардаг гэж байгаа. Манайд ийм хөтөлбөр байх ёстойг тодорхойлсон ч ажил хэрэг болж байсан нь үгүй. Мэргэжилтэн бэлтгэхээс эхлээд хийх зүйлүүд ч их гэнэ лээ.
Хажуу айлынх нь эхнэр, хүүхэд амь эрж, зодоон нүдээн болж байхыг дуулчихаад туслах гэж ордог хүмүүс бидэн дунд хэр олон байгаа бол. Бараг байхгүй дээ. Гэр бүлийн дотоод хэрэгт оролцож болохгүй гэж өөрсдийгөө зөвтгөдөг. Гэвч энэ бол гэмт хэрэг. Бүр хүчирхийлэгч нь зорилготой үйлддэг гэмт хэрэг гэж байгаа шүү. Манайд энэ асуудалд оролцсон хүмүүсийг хэрэгт дуртай, хүний мууд дуртай гэж ирээд яллах гээд байдаг. Харин одоо иргэний үүргээ биелүүлж байгаа гэж зөвтгөдөг болмоор байна.
Өнгөрсөн тавдугаар сард таван настай хүүгээ заазуурдсан аймшигтай эцгийн талаар мэдээ сонсч байсан л байх. Энэ мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацсан эмчийг хүмүүс буруутгасан байсан.Бас энэ хэргээс хэдхэн хоногийн өмнө бага насны хүүхдээ мөнгө хулгайлсан хэрэгт буруутган өдөржин тарчлаасан эцэг, эх хоёрын хэрэг бий. Хаалгыг нь цохиж, хүүхдээ зодохгүй байхыг шаардаж эцэст нь цагдаа дуудсан бүсгүй сэтгүүлч нэгэн байсан болоод ч тэр үү энэ хэрэгт харьцангуй мэдрэмтгий хандаж чаджээ. Гэвч манайд хүчирхийлэлд өртсөн хүүхдийг төр хамгаалалтдаа авна гэж хуулинд заасан ч хэн, яаж гэдэг нь тодорхойгүй учраас эргээд асуудал үүссэн. Сүүлдээ энэ мэдээллийг өгч, цагдаа дуудсан бүсгүйгбуруутгаж эхэлсэн билээ. Гэтэл гадны орнуудад эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан тохиолдолд заавал хамаатан ах дүүс гэлтгүй зөв бодол, хэвшилтэй гэр бүлд (child carer) өсгүүлэхээр өгдөг юм билээ. Хүүхдэд хэрэгцээтэй зардал мөнгийг улсаас тухайн айлд өгч байх жишээтэй.
Хөрсөн дээрээ зохицуулалт нь буугаагүй бас нэг асуудал бол дээр дурдсан эрх хязгаарлах арга хэмжээ. Манайд үүнийг зөвхөн шүүх гаргах эрхтэй бөгөөд эрх хязгаарласан шийдвэр гарлаа гээд тэр нь хэрэгжиж байгаа нь хэнд ч падгүй. 2012 оны дөрөвдүгээр сард 22 настай үсчин бүсгүй нөхөртөө 22 удаа хутгалуулж амь насаа алдсан хэрэг гарсан. Тэрбээр цагдаа, шүүхийн байгууллагад өөрийгөө хамгаалуулахаар удаад дараа хандсан ч Монголын төр түүнийг хамгаалж чадаагүй юм. Шүүхээр эрх хязгаарлуулах шийдвэр гаргуулахаар хүсэлт гаргасан ч шүүхээс хороо хорины даргын тодорхойлолтыг нэхэж, өнөөх дарга нь амраад явчихсан байсан. Ингээд л хөөрхий бүсгүй амь насаа алдаж, нөхөр нь 22 жилийн ялтай, гурван настай хүүхэд нь өнчирч хоцорсон байх жишээтэй. Үнэндээ шүүхээс эрх хязгаарласан байлаа ч гэсэн дахиж очоод дарамталж хүчирхийлэхээс нь сэргийлэх хяналтын тогтолцоо бидэнд алга. Гэтэл олон улсын жишигт шүүхээс эрхийг нь хязгаарлачихаад байхад очиж зодох дарамтлах байтугай гэр, ажил дээр нь очихыг хориглож, хүүхдийнхээ сургууль дээр үзэгдэхгүй байх, утсаар ярьж, мессэж бичиж бүр дагаж, алсаас харж дарамт үүсгэхгүй байхыг хориглодог. Хэрэв үүнийг зөрчвөл хохирогчийн мэдээлэл хийгээд хяналтын багажийн тусламжтай мэдэж баривчлан саатуулахаас эхлээд ялыг нэмчихдэг учраас тэнэг хүн ч хэрэгжүүлж таардаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүмүүсийг сэтгэцийн хувьд өөрчлөлттэй гэж эндүүрч боломгүй. Эрүүлээр барахгүй тэр хүмүүс байнга зорилготойгоор энэ хэргээ үйлддэг учраас гэмт хэрэг үйлдэхийг нь зогсоож зохицуулах л хэрэгтэй байгаа юм.
"Эхнэр, илжиг хоёрыг сард нэг удаа гөвж бай" гэсэн араб гаралтай үгийг зарим эрчүүд бахархалтай хэлж байгаа харагддаг. Бас "Эр, эмийн хооронд илжиг бүү жороол" ч гэсэн үг бий. Гэхдээ хэл язгуур хол харийн үг, хэн хэзээ хэлсэн нь тодорхойгүй хэдэн зууны өмнөх үг өнөөдрийн нийгэмд тохирохгүй. Тэр ч байтугай гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгээр нь жигшиж сэрэмжлэх хэрэгтэй. Эхнэрээ зодож, хүүхдээ зовоож байгаа хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл гэсэн гэмт хэрэг үйлдэж, эр эмийн хооронд жороолохгүй гэж байгаа хүмүүс эс үйлдэл хийн, иргэний үүргээ биелүүлээгүйгээрээ бас л гэм үйлдэж байгаа юм. Гүн ухаантан Пифагор "Эхнэртэйгээ таарамж муутай хүнтэй хэзээ ч бүү нөхөрлө" хэмээн манай тооллын өмнөх тавдугаар зуунд хэлчихсэн юм билээ. Эхнэрээ хайрлаж чадахгүй, хамт байгаа ханьтайгаа таарч нийлж чадахгүй байгаа хүн хэзээ ч танд найз нөхөр болж чадахгүй л байхгүй юу. Тиймээс ийм сэтгэлгээгээр л тэдэнд хандаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг өөгшиж сагах боломжийг хаах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хаалттай хаалганы цаана болдог гэмт хэргийг хэн нэгэн эмэгтэй амьдралаа цаг бусаар дуусгаснаар л мэддэг болоод удлаа.
Нийтлэлч Энхцагийн Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ