Баривчлагдсан Пакистанчууд түр оршин суух визтэйгээр орж иржээ

2006 оноос хойш Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Пакистаны гурван иргэнийг УМБГ, ТЕГ-ын ажилтнууд илрүүлэн баривчилжээ. УМБГ, ТЕГ-ын ажилтнууд Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурлын  үеэр гадаадын 1000 гаруй зочин төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үеэрээ ийнхүү баривчилсан байна.

Тэд Монгол улсын нутаг дэвсгэрт түр оршин суух визтэйгээр орж ирсэн аж.

Эдгээр иргэнээс хоёр нь Интеорполоор эрэн сурвалжлагдаж байсан юм байна. Тодруулбал, АНУ-ын Вашингтон хотын Интерполын төв товчооноос хүндрүүлсэн хулгайн хэрэгт эрэн сурвалжлагдаж буй Хаяат Хизар хувьд АНУ-ын Нью Йорк хотын Саффолк мужийн шүүхээс 1,2 дугаар зэргийн хулгайн хэргээр ял шийтгүүлж байжээ. Харин Пакистан улсын Исламабад хотын Интерполын үндэсний төв товчооноос эрэн сурвалжилж буй Мухаммад Рамзан нь хүнийг санаатай алах, терроризмтой холбоотой хэрэгт сэжиглэгдэж байсан аж. Одоогоор тэднийг саатуулан шалгаж байгаа бөгөөд холбогдох газруудад нь хандсан ч хариу өгөөгүй байна. Хэрвээ Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан нь тогтоогдвол Олон улсын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх аж.

Б.Чимэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ