Ардын хүүхдийг атаман болгохгүй

Н.Энхбаярыг баривчлахад Ц.Элбэгдоржийг олон хүн зүхэж байсан. Гэвч АН, МАН-ын засгийн эрхийн төлөө тэмцэл шиг Ц.Элбэгдорж улстөрчийн хувьд Н.Энхбаярын мөнхийн өрсөлдөгч болохоос мөнхийн өстөн байгаагүй. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорих ялаас хугацаанаас нь өмнө сулласан юм.
Харин тус, ус хоёрыг ялгаж сурах нь чухал. Н.Энхбаярын баривчилгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч мэдээгүй байхадтүүний өмгөөлөгч О.Баасанхүү дэвэн дэлхийгээр зарлаж, оймстой хөлөө гозолзуулан ачигдаад явахад нь хүртэл хөгшид нулимс цийлэгнүүлж үдсэн.
Харин нэр шаасандаа давхиж очсон Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр хожим том хожсон нь үнэн. УИХ-ын гишүүн болоод зогсохгүй Шадар сайд, Сангийн сайд болцгоов. Гэтэл одоо МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва эрхэм гишүүн О.Баасанхүүг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшихийг нь зад эсэргүүцэж, бүр намаас гарахыг тулган шаарджээ. Өмнө нь О.Баасанхүүг “даргыгаа эргээд ир” гэж эмнэлэг явуулчихаад ар хударгаар нь З.Баянсэлэнгийг Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар тавьчихаад олны доог болж байсан нь жил гаруйхны өмнө.
Одоо Ц.Оюунбаатар хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгчээр байнгын хорооны дарга болж башийх нь тэр.
Ардчилсан парламентад ардын хүүхэд атаман болж болдоггүй нэг зовлон байна.
МАХН О.Баасанхүүг доош нь хийдэг. Уг нь “хэцүү ангийнхан”-ы хэцүүхэн нөхдөөс хууль тогтоох ажилд энэ хоёр залуу илүү тустай баймаар.
Ер нь эрхэм гишүүд нэгэнт сонгогдчихвол сонгогчдоо нулимж, чуулганы танхимд зоргоор цуурч, олигархиудын дэгээнд орж хаширдаггүй. 90 оноос өмнө бүгд л адилхан байсан, дараа нь түрүүлж хулгайлсан нь баяжсан болохоос биш. Д.Тэрбишдагвыг Германд элчин сайд байхдаа хүн хулгайлсан хэргээр багтаж шингэхээ байхад Н.Энхбаяр төрийн сайд, төрийн түшээ хүртэл болгож, Европын холбооны нүднээс нууж байлаа. Тэгэхээр тэр түүнд өртэй.
Төр хямарлаа гэж төрд гарсан эрхмүүд төрөөр тоглож, намаа шинэчилье гэж намын удирдлагад орсон хүмүүс намаа бутаргаж байна. МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хоёр гишүүдээ анхдагч, хоёрдогчоор нь хоёр хувааж ялгаварлав.
Хуучин цагийн сэхээтний төрхтэй энэ залуу боловсрол маруухандаа МАН-д гологдож, боломжийн түрийвчтэйдээ МАХН-ыг бараадсан. Ямар сайндаа “Будильник” гэсэн хоч зүүхэв. Анкетандаа “Сэрүүлэг” дээд сургууль төгссөн гээд залчихсан чинь баригдсан юм гэнэлээ.
Хэрвээ Н.Энхбаяр хар гэрт байхдаа хүн таньж сурсан бол дол цохьсон тойрон хүрээлэгчдээсээ гал бадарсан залуусыг ялгах байлгүй. Ямар ч байсан Д.Тэрбишдагва ял, гавьяа хоёроо дэнслүүлэхээр О.Баасанхүүгийн зардлыг даан Сөүл морджээ. Ардын хүүхэд атаман болж болдоггүй юм уу. Цагтаа Ц.Элбэгдоржийг 40 мянгатынхан шоовдорлож л байсан.
Ааяа доктор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ