Оффшор дансанд 10 тэрбум ам.доллар хав даржээ

Шинэ оны босгон дээр нэг ёсны нэлээд сонгууль явагдаж байна. Улс төр, эдийн засаг, урлаг, спортын гээд олон салбарт хэн нь хамгийн шилдэг вэ гэдгийг төрөл бүрийн номинациар шалгаруулжээ. Тэдгээрээс хууль тогтоогч эрхэм гишүүдийн 2013 онд санаачлан боловсруулж, өргөн барьсан хуулийн төслүүдийг олон нийтийн зүгээс дэмжлэг хүлээсэн байдлаар нь тандалт хийхэд Ж.Батзандангийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл онцгой анхаарал татаж, нийгэмд ихээхэн шуугиан тарьжээ. Дараа нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль оров.
Дөнгөж хэлэлцүүлгийн шатандаа УИХ-ын ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан төрийн өндөр дээд албан тушаалтнууд их хэмжээний гадаад валютаа татвараас зугтаалгаж, оффшор бүсэд данс нээлгэж хадгалуулахгүй байх, гадаад эхнэр, нөхөртэй бол улс орны эрх ашигтай холбоотой төрийн өндөр албанд нэр дэвших, томилогдохдоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үгийг сонсдог болооч ээ гэсэн эрхэм гишүүн Ж.Батзандангийн хуулийн төсөл улс орны эдийн засаг уул уурхайн салбараас шууд шалтгаалах болсон Монгол Улсын хувьд нүдээ олсон алхам болсон юм. Өнөөдөр оффшор бүсэд сүүлийн арваад жилд хагартлаа баяжсан цөөн хүмүүсийн 10 орчим тэрбум ам.доллар татвараас зугтан байршиж байна гэдгийг экспертүүд нэгэнт тогтоосон байна. Улс төр, бизнесийг сүлж хөлжсөн олигархиудын зарим нь өөрөө ч, мөнгө нь ч эх орондоо эс шингэхээргүй болсон нь нууц биш. Юун нөгөө 1,5 тэрбумын “Чингис” бонд үүний дэргэд чихрийн цаас л гэсэн үг.
Ардчилсан нийгэмд хэн ямар хөрөнгө зоорьтой байх нь хүний эрхийн асуудал боловч төрийн хүний өндөр сэнтийгээс ямбыг нь эдэлсэн мөртлөө ялаас зугтааж харьд тэмүүлнэ гэдэг юуны учир билээ. Хэрвээ дээрх 10 тэрбум ам.доллар Монголын банкинд байршиж байсан бол бид юм болгон дээр гаднаас бадар бариа ч уу, үгүй ч үү. Өнгө мөнгөөр төрд шургалсан зарим нэгэн оффшорт данстай байхын төлөө улайрахдаа гадаад эхнэр, нөхөртэй байхад гар дүрэх нь хүний эрхийг боомилж байна гэж хатагтай Ц.Оюунгэрэлд саймширч байгаа мэт авч Ж.Батзандангийн төслөөс наад асуудлаа хасаад оффшорыг нь орхичих гэхээр хэлгүй, дүлий болчихсонд хэргийн учир оршино. Ялангуяа уул уурхай, архи, тамхи, эм бэлдмэл эрхэлдэг бизнесийнхэн машид сандарч байгаа нь угаасаа эдгээр салбарт асар их мөнгө амархан босгож, шингээхэд төвөгтэй болсныг илтгэх бус уу. Ер нь энэ парламент хамгийн их ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдээр дүүрснийг алхам тутамдаа харуулсаар байгаа. УИХ, Засгийн газрын гишүүдийн дотор Лондонд харштай, Чежү аралд усан онгоцтой, Хайнаньд сэрүүн лавринтай, Швейцарь, Сингапурын банкнаас гадна оффшорт хадгаламжийн данстай тэрбумтнууд гарын арван хуруунд багтахааргүй болжээ.
ОХУ-д төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүсийг оффшорт данстай байхыг хэдийнэ хориглож, гадаадын компанийн үнэт цаас эзэмшихийг хязгаарласан, Францад хөрөнгө мөнгөний зэрэг зиндаагаар нь өндөр татвар ногдуулах болсон, БНХАУ-д учиргүй хөрөнгөжсөн түшмэдийн хөрөнгийг хурааж, цаазаар авч байгаа улс орнуудын жишээ нь дэлхий нийтээрээ ямар нэгэн ажиг сэжиг авч, урьдчилан сэргийлж буйгийн дохио. Ёстой тэр муу хулгайч халхын хавтгайгаас хаа холддог юм гэгчээр хавтгай (хил хязгааргүй мэдээллийн сүлжээгээр торлогдсон) дэлхийд хаа холдох билээ.
Баян, ядуугийн ялгаа Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсантай яг тэнцэж буй манай нийгэмд энэ хуулийн төслийг парламентын тогоонд хав дарж батлахгүй аваас олон нийтийг тэмцэлд босгож, ордны гадаа эсэргүүцлээ хатуухан илэрхийлэх болно гэсэн цахим ертөнц дэх дуу хоолой одоо ч намдаагүй байна. Ж.Батзанданг УИХ-ын чуулганы танхимд нам дарж болох ч түүний Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг нам дарах нь нэгэнт өнгөрчээ. Даварсан эрхмүүдэд даруулга хэрэгтэй. Ард түмэн төрөөс мөнгө биш, шударга шагнал, шударга шийтгэл л хүлээдэг. Иймээс эл хуулийн төсөл энэ оны хамгийн шилдгээр шалгарч, олон нийтийн дунд хүлээлт үүсгэж байна.
Хууль бусаар гэнэт хөрөнгөжсөн хүмүүс, ялангуяа төрийн өндөр алба хашигсад хөрөнгө орлогын мэдүүлгээ бултуулах, мөнгөө хаана шингээх ухаанаа ч олохгүй оффшор руу хуйлрах хандлага нийгмийн хөрөнгөлөг хүрээний дунд тогтолцоо гэмээр болсон ннь нууц биш. Энэ бусармаг тогтолцоог нураахын төлөө эрхэм гишүүн Ж.Батзандангийн алхам АН-ын шинэчлэлд ч том хувь нэмэр болно.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ