2013 оны дуулиант хэргүүд

2013 онд олныг сэртхийлгэсэн онц ноцтой гэмт хэрэг, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэрэг их гарав. Оны босгон дээр танд сөрөг мэдээлэл хүргэх гэж байгаадаа хүлцэл өчье. Гэхдээ сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ онд гарсан хамгийн ноцтой, дуулиантай хэргүүдийг тоймлон хүргэж байна.

1.УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танхайн хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэгт татагдав. Тэрээр өнгөрсөн есдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн 36 настай эрэгтэй Б-г хутгалж гэмтээсэн хэмээн буруутгагдсан юм. Тиймээс цагдаагийн байгууллагаас “Мунзуй” Г.Нямдоржийн гомдлын дагуу хэргийг шалгаж, өдгөө Н.Номтойбаяр, Г.Нямдорж хоёрт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг прокурорын байгууллага хянаж байна.

2.МИАТ-ийн экс удирдлагуудын хэрэг энэ онд нэлээн дуулиан дэгдээлээ. Тэднийг Дайны эрсдлийн мөнгө гэгчийг бий болгож, ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт буруутгаж, 10-14 жилийн хорих ял оноосон. Гэвч Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар 5-8 жил болгож бууруулан, зарим нэг хүний хэргийгхэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Харин дээд шүүхийн шийдвэрт иргэд ихэд бухимдалтай байгаа билээ.

3.Нэг гэр бүлийн зургаан гишүүнийг шөнийн 03.00 цагийн орчимд унтаж байхад нь бензин асгаж амьдаар нь шатаасан хүний санаанд оромгүй хэрэг гарсан. Тэд бүгд 60-95 хувийн түлэгдэлтэйгээр ээлж, ээлжээрээ хорвоог орхисон. Хэргийг тухайн айлын хүргэн Л.Наранбаатар гэгч үйлдсэн байдаг. Тиймээс гэр бүлийн зургаан хүний аминд хүрсэн Л.Наранбаатарт 25 жилийн хорих ял оноосон юм.

5.Дархан-Уул аймагт бас нэгэн аймшигт хэрэг гарсан. Найздаа өс санасан этгээд шөнийн цагаар гэрт нь орж, 25 настай найзынхаа амийг хөнөөгөөд зогсохгүй хоёр дүүг нь хороосон байдаг. Мөн нас өндөр ээжийнхээ аминд хүрэхийг завдсан ч ээжийнх нь амь нас аюулгүй өнгөрсөн байдаг. Харин гурван хүний аминд хүрсэн этгээд эцэстээ өөрийнхөө амийг ч егүүтгэсэн юм.

6.Говьсүмбэр аймагт эхнэрийгээ багажаар зодож хөнөөгөөд, цогцсыг нь нуун дарагдуулж хоёр хоносон жигшүүрт хэрэг олныг сэртхийлгэв. 20-иод жил ханилсан эхнэрийгээ гаражинд зодож хөнөөгөөд, хоёр хүүхдэдээ хэлэлгүй хоёр хоносон байдаг. Улмаар том хүү нь ээжийнхээ цогцсыг олсоноор цагдаад мэдэгдсэн.Харин ялаа эдлэхээр шоронд орсон эцэг нь хорих ангид өмдөөрөө хоолойгоо боомжилж амиа егүүтгэсэн юм.

7.Төв аймагт гарсан хэрэг үртэй хүн бүрийн зүрхийг шимшрүүлэв. Гуравхан настай охиноо дагуулан Төв аймагт айлын мал маллахаар явсан Жинжиймаа гэгч очсон өдрийнхөө орой нь гуравхан настай охиноо заазуурдаж, амь насыг нь хөнөөсөн юм. Цусандаа холилдсон охиныхоо цогцсыг тэрээр хоёр цагийн турш тэвэрч, нутгийн иргэдийг айлгаж алхсан гэдэг. Түүний хэргийг өдгөө прокурорын байгууллага хянаж байна.

8.Налайх дүүргийн хоёрдугаар хороо, “Mustang” баарны гадна зургаан удаа буудуулж нас барсан хэрэг гарсан. Хэргийг "SUN TOWN" баарны захирал хийдэг нэгний хүүхэд А.Мэндбаяр гэгч үйлдсэн байдаг. Тэрээр өмнө нь мөн ял эдэлж байсан бөгөөд одоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.

9.Хардалтын улмаас мэргэжил нэг найзынхаа аминд хүрсэн хэрэг нэлээн дуулиан дэгдээсэн. Тодруулбал, татварын байцаагч эмэгтэйг 75 хутгалж хөнөөсөн нь олныг цочирдуулсан юм. Улмаар хүний аминд хүрсэн татварын байцаагч эмэгтэй Ц.Туяад шүүхээс 22 жилийн ял оноогоод байгаа билээ.

10. 21 настай бүсгүйн үхлийн талаарх яриа одоо ч намжаагүй байна. Г.Алтанхүү гэгч найз бүсгүйгээ 48 цагийн турш зодож, тамалсан гэдэг. Улмаар шүүх эмнэлгийн дүгнэлт “гадны нөлөөгүй” хэмээн гарсан нь олны дүргүйцлийг хүргэж, Ерөнхийлөгчийн хараанд өртөөд байгаа юм. Өдгөө Г.Алтанхүү ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.

Энэ мэт жигшүүрт хэргээс төрийн түшээдээс эхлээд түмэн олон хүртэл сэрэмжилтүгэй гэсний учир ийнхүү бичлээ. Гэмт хэргийг гарсан хойно нь шуугих биш урьдчилан сэргийлэх тал дээр хаана хаанаа анхаарах нь зөв болов уу. Ирэх 2014 онд айл гэр бүр амар тайван, аз жаргалтай байх болтугай.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ