Амиа алдсан охины хэрэгт хэн юу хэлэв

48 цагийн турш найз залуудаа зодуулж амиа алдсан харамсалтай хэрэг одоо ч олны анхаарлыг татсаар байна. Хүн бүр л хэрэг хэрхэн шийдэгдэх бол, үнэн зөв шийдэгдээсэй хэмээн харж суугаа. Гэтэл Шүүх шинжилгээний эмч нарын гаргасан дүгнэлт олны эгдүүцлийг хүргээд авлаа. Олон нийт тэр чигээрээ мэдэж, харамсалтайгаар амиа алдсан охины араас гашуудаж суухад “гадны нөлөөгүй” хэмээн дүгнэлт гаргаж байхад арга ч үгүй биз дээ. Тиймдээ ч ар гэрийнхнийх нь зүгээс шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан гэх Н.Энхбаяр, Н.Ганбаяр, Н.Чулуунцэцэг нарыг АТГ-т шалгуулахаар болсноо мэдэгдсэн билээ. Тэгвэл уг хэрэгт хамгийн ихээр Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, хууль хүчний байгууллага анхаарлаа хандуулах ёстой.
Ингээд шүүх эмнэлгийн дүгнэлтэд хэн юу хэлснийг сийрүүлье.
Шүүх эмнэлгийн дүгнэлтэд хамгийн ихээр эгдүүцсэн хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэрээр “Зохих хүмүүст нягтлахыг санууллаа. Төрийг засъя, хүчирхийлэлийг зогсооё гэснийг ингэж эсэргүүцэв үү” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм.
Харин хууль хүчний байгууллагаас Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрээр УМБГ-ын дарга болон холбогдох хүмүүсийг байлцуулан “Хэргийг олон талаас нь бодит байдлыг тогтооход онцгой анхаарч тодорхой асуудлуудыг шалгах ёстой” гэжээ.
Мөн эмэгтэй гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр “Эмэгтэй гишүүдийн хувьд шүүх эмнэлгийн дүгнэлтийг сонсоод үнэхээр цочирдсон. Холбогдох газруудаас тодорхой тайлбар авсны дараа албан тушаалаа ашиглаж,буруу дүгнэлт гаргасан эмч, түүнд нөлөөлсөн хүмүүст хариуцлага тооцуулна. Ямар ч байсан энэ хэргийг ингээд орхиж болохгүй. Малайз улсад амиа алдсан бүсгүйчүүдийн асуудал ч бас анхаарал татаж байна. Хохирогчийг хэн байсан талаар шүүмжлэх хүмүүс байна. Тухайн хүн хэн байхаас үл хамаарч, Монголын төр иргэнээ хамгаалах үүрэгтэй” гэсэн юм.
Харин уг хэрэгт стратегийн өмгөөлөл үзүүлж буй М.Ичинноров “Шүүх эмнэлгийн дүгнэлт олныг цочроосон, үнэнд үл нийцсэн болсоныг эсэргүүцэж байна. Тиймээс дүгнэлт гаргасан эмч нарыг авлигатай тэмцэх газарт өгч шалгуулан, Хууль зүйн сайдад хандсан” гэв.
Ийнхүү амиа алдсан охины хэрэгт анхаарлаа хандуулах ёстой байгууллагууд өөрсдийн байр сууриа илэрхийлэн дуугарч байна. Харин хэрэг хэрхэн шийдэгдэхийг хүлээх л үлдлээ. Шударга үнэн ялах байх.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ