Дааганаас унаж үхдэггүй, даравгараас болж үхдэг

Дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг гэсэн ардын үнэн үг бий. Энэ үгний жишээ болсон тохиолдлууд өнгөрсөн онд нэлээд гарсан. Тиймээс 2014 онд даравгараасаа болж унасан жишээ бүү гаргаарай хэмээн үүгээр сануулж байна.

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга асан Ө.Энхтүвшингийн Чингисийн талбайд болсон цуглааны үеэр махны үнэ 1200 төгрөг хүрлээ хэмээн Шинэчлэлийн Засгийн газрыг буруутгасан жишээг дурдсан нь олны шүүмжлэлийг хүлээж, санамсаргүйгээр унагасан үгнээсээ болж рейтингээ алдсан билээ.
Ө.Энхтүвшин даргын энэ жишээг албан тасалгааны цонхоор харж суусаар амьдралаас алд дэлэм тасарснаа олон түмэндээ зарлан тунхагласан явдал хэмээж болох. “Талх”-ны жишээг давтсан түүнд олон түмэн “Мах” Ө.Энхтүвшин гэх шинэ нэрийг хайрласан юм.
Харин “Талх” хочтой Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягийн нэр “Салаавч” болон өөрчлөгдсөн. Тэрбээр Б.Болдсайхан эмч нарын зургаан хүнтэй хамт Төрийн ордон руу салаавч гаргаж, дэггүйтсэн.
Салаавч гаргах үйл ажиллагааг Ч.Ганхуяг ахалж, Төрийн ордны баруун, зүүн хоёр талаас УИХ, Засгийн газарт зориулан салаавчаар бөмбөгдсөн ба “Ерөнхий сайд түй май" хэмээн хашгирч байв. Тэд энэ үйлдлээ “Иргэний зориг гаргасан” гэж үзэж байсан ч болчимгүй үйлдэл гаргасан гэдгээ ухамсарлан ард түмнээсээ уучлал гуйсан юм. Даравгартайгаа салаавчаа хослуулаад амжилтад хүрэхгүйн нэг жишээ энэ болов.
Дараагийн эрхэм бол хамгийн тод жишээ. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж Eagle телевизэд өгсөн ярилцлагадаа “Би гадаадад байгаа монголчууддаа хүнд суртал гаргана” гэсэн юм.
Төрийн хүний амнаас хэзээ ч гарч боломгүй энэ болчимгүй яриа нь олны дургүйцлийг мөн ч их асаасан даа.
Ер нь цаашдын улс төрийн карьертээ өөрийн гараар цэг тавьсан л гэсэн үг. Энэ мэтээр олны нүдний өмнө ил байдаг хүмүүс, ялангуяа улстөрчид даравгараа сайн хамжаардаж явах хэрэгтэйг сануулсан үйл явдлуудын жишээг дурдлаа. 2014 онд ээдээ наад даравгараа...
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ