Мал өсчээ, махны үнэ "тэнгэрт хаджээ"

Монгол орон даяар мал тооллогын ажил явагдаж дууслаа. Мал тооллогын урьдчилсан дүгнэлтээр 2013 оны эцэст манай улсын мал сүргийн тоо 45 сая давжээ.Энэ нь өнгөрсөн оныхоос 4154 саяаар өссөн үзүүлэлт.
Сонин юм шүү. Эрүүл ухаанаар бодоход ийм олон тооны малаараа дэлхийд тэргүүлдэг манай улсын хувьд махны үнэ нь бараг "үнэгүй" шахам баймаар. Гэтэл харин ч эсрэгээрээ "тэнгэрт хадаад" байдаг нь юуны учир вэ гэж гайхах.
Малын тоо толгой өсөх тусам махны үнэ өсдөг учир шалтгаан нь малчиддаа байна уу, ченжүүддээ байна уу, эсвэл төрийн бодлогодоо байна уу. Ямартаа ч манай мал сүргийн тоо 45 саяд хүрчээ гэхэд алгаа ташин баярлах хүн олдохгүй л байна. Учир нь ард түмэн бид махаа авч дийлэхгүй байна шүү дээ. Эх орондоо 40 гаруй сая толгой малтай гэж гайхуулах хэдий ч нийслэлийнхэн нэг оройныхоо хоолонд 40 ширхэг ч мах хаячих чадваргүй амьдарсаар байна.
2013 оны 12-р сарын 31-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 6.2 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.9 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2013 оны 12-р сарын 31-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 10.7 хувь, үхрийн ястай мах 3.8 хувь, үхрийн цул мах 4.8 хувь, адууны мах 14.1 хувь, ямааны мах 12.2 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 2.1 хувь, үхрийн ястай мах 2.1 хувь, үхрийн цул мах 2.7 хувь, адууны мах 2.5 хувь, ямааны мах 4.2 хувиар өсчээ. 2013 оны 12-р сарын 31-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7410 төгрөг, хонины цул мах 7100 төгрөг, үхрийн /ястай/ мах 8010 төгрөг, үхрийн цул мах 9590 төгрөг, адууны мах 6560 төгрөг, ямааны мах 5600 төгрөгийн үнэтэй байв.
Махны үнийн өсөлтийг ченжүүдтэй холбон, тэд үнийн хөөрөгдөл үүсгэж байна хэмээн оношлож суух юм. Гэхдээ мэргэжилтнүүд хот суурин газар төвлөрөх махны үнийг хэдэн ченжүүд барьдаг нь юу л бол хэмээн дүгнэж байна. Ченжүүд бол зөвхөн худалдан авагчидтай нүүр тулж байгаа улс гэнэ. Харин тэднээс илүү мал, махыг газар дээр нь хямдхан аваад өндөр үнээр худалдан авагчдад нийлүүлж дундаас нь ашиг гаргаж байгаа мах бэлтгэгч компаниудтай үнийн асуудлыг ярилцах ёстой гэж үзэж байна. Одоогоор улсын хэмжээнд мах бэлтгэгч цөөнгүй тооны аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Дээр нь хангалттай мах агуулах, зоорь сав ч бий. Тэгсээр байтал монголчууд махаар гачигдаагүй гэхэд өндөр үнээс болоод авч идэж чадахгүйд хүрчихээд сууж байна. Уг нь үнийг өсгөхгүй байх арга замыг холбогдох хүмүүс маань олж зохицуулмаар юм даа.
Гэтэл ченжүүд махны үнэ нэмэгдээд байгаа шалтгааныг малчдаас болж байгаа гэх юм билээ.Хотноос зарагдах малын үнэ өмнөх жилийнхээс 20 хувь орчим өссөн гэнэ. Жилийн турш ихэнх нь жигд орлогогүй явдаг малчид тав, арван нэгдүгээр саруудад л мөнгө хийдэг аж. Ерээд онд гурил будаагаар малаа сольдог байсан малчид шинэ зууны эхээр бэлэн мөнгийг илүүд үзэх болж. Хэн ч гэсэн соёлт ертөнцтэй танилцахыг хүснэ шүү дээ. Малчид маань гаднаа тавган антенн, салхин генератор, машин унаатай болж, мөнгөний амтыг мэдрэх болсон. Ингээд л хэнд нь буруу, хэнд нь зөв өгөх нь тодорхойгүй, манай төр засгийнхан малчид, мах бэлтгэгч компаниуд, ченжүүдийн эрхшээлд байсаар, ард түмэн нь махны үнэд дарлуулсаар байна.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ