Нэг булаг устгаж, нэг зам өргөтгөх хэрэг байна уу


Ийм нэгэн хөгийн асуудлыг нийслэлийн Чингэлтэй дүүргийнхэн дээр доргүй, дарга цэрэггүй ярьцгаах болов. Байтлаа бүр улс төржүүлж эхлэв. Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буйн шинж юм болов уу даа. “Дэнжийн-1000”-ын дээхнээс ундраад, “32”-ын тойрог хүртэл урсан, том хоолойгоор дамжин цаашаа оддог тэрхүү бяцхан булаг ямар буруутай юм бол оо? Олны ярилцах нь “Айлууд булаг дагуулаад хог асгаад байх юм. Тэрний оронд нам дараад хажуугаар нь тавьсан машины замыг өргөтгөвөл таарна. Нэг ч гэсэн замын урсгал чөлөөтэй болж байвал булаг мулаг ч яамай” гэх ажээ. Замын түгжрэл ихтэй өнөө үед машины зам чухал нь үнэн л дээ. “Хүчит шонхор” хүнсний захын өмнөх замын бөглөрөл бага болов ч саарах нь мэдээж. Тэгээд ч энэ жил тэр хавийн замыг тэр чигт нь засах болсоныг дүүргийн Засаг дарга хэлнэ билээ. Жолооч нарын байтугай иргэдийн уур бардаг эл замыг засах болсон нь сайн хэрэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Өгүүлж буй газар одоо бараг хотын төв болжээ. Тэгвэл алсын аль ч аймагт ийм зам өнөөдөр лав байхгүйг би баттай хэлнэ. Уншигчид өөрсдийн аймаг, сумын төвийн машины замыг эрхбиш дотроо нэг бодчихно биз. Хөрөөний хийгээд хэдрэгийн ир шиг ийм зам таны сэтгэлд буухгүй л болов уу даа. Тиймээс тэр хавийн зам засах, өргөтгөх нь зүйн хэрэг ээ. Ингэхийн тулд тасардаггүй ундаргатай тэр бяцхан булгийг ширгээх бололтой. Тэр ямар гэм хийгээд байна вэ? Энэ асуултад хариулчих хүн хийгээд эрх мэдэлтэн одоогоор лав алга. Уг нь хоёр дээр нэмэх хоёр тэнцүү дөрөв дайны бодлого л доо. Нийслэлийг цагтаа чимэж асан гурван томхон голын хоёр нь болох Сэлбэ, Бааст ширгэв. Усны шувууд шуугин байдаг Ногоон нуур нь оргүй болов. Хотын эргэн тойрны рашаан, булаг сэлт жилээс жилд цөөрсөөр... Ийн атал хотоо биш гэхэд дүүргээ, байг гэхэд хэдэн хороог чимэн сүлжин, чийглэн норгон урсдаг тэр бяцхан булгийг ширгээх хэрэг байна уу. Нэг булаг ширгээж, нэг зам өргөтгөснөөс булгаа үлдээж, замаа хэвээр орхих нь зөв баймаар санагдана. Засаж сайжруулахыг эсэргүүцсэн юм биш шүү. Одоо байгаагаар нь засаж орхино биз. Иргэдийн бодол ч ийм бөлгөө. Харин дарга нарынх? Асуугаад л орхихоос яалтай.
Г.Мөнх
// .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ