Баавар тамхинаас болж өөрийгөө шатааж байжээ

“Дижитал” хамтлагийн ахлагч Баавар өдгөө БНСУ-д эмчлүүлж буй. Тэрээр өнгөрсөн оны гуравдугаар сард ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа галт өртөж түлэгдсэн юм. Тухайн үед тэрээр “Шүүхийн шийдвэрийнхэн тусгаарлах өрөөнд оруулж, намайг санаатайгаар шатаасан” хэмээн удаа дараа мэдэгдэж байсан. Үнэхээр ч Баавар гал гарах үед гар хөлөндөө гав, дөнгөтэй байсан гэдэг. Мөн түүний өмгөөлөгчид “Бааварын биед гал гаргах хэрэгсэл байна гэдэг боломжгүй. Хорих ангийн дотоод журамд энэ бүх зүйлийг хориглодог. Байлаа гэхэд хорихын хуягууд хурааж авсан л байж таараа. Хэрвээ хурааж аваагүй бол яагаад вэ. Ер нь тэгээд ч гар, хөлөндөө гав, дөнгөтэй хүн яаж өөрийгөө шатаах вэ” гэж байв. Гэвч шүүхийн шийдвэрийнхний зүгээс уг асуултад хариулт өгөхгүй зөвхөн “Баавар өөрийгөө шатаасан” гэх тайлбарыг л өгч байсан нь ШШГЕГ-ынхныг асуудалд оруулсан юм. Гэхдээ гадны нөлөөтэй ч бай, өөрийгөө шатаахыг завдсан ч бай уг асуудалд ШШГЕГ хариуцлага хүлээсэн. Учир нь хоригдож буй сэжигтний биед хүйтэн мэс, гал, өөрийнхөө болон бусдын биед гэмтэл учруулах зүйл байхыг хориглодог.
Гэхдээ мөрдөн байцаалтын явцад Баавар өөрийгөө шатаахыг завдсанаа хүлээсэн гэдэг. Тиймээс ч түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа. Гэвч тэрээр биеийн байдлын улмаас БНСУ-д эмчлүүлэхээр явсан тул хэргийг түр түдгэлзүүлээд байгаа юм. Тэгвэл Баавар өөрийгөө шатаахыг завдсан биш санаандгүйгээр гал гаргажээ. Түүнийг тусгаарлах өрөөнд саатуулах үед тэрээр оймсондоо тамхи, асаагуур нуун орсон байна. Хэдийгээр гар, хөлөндөө гавтай байсан ч гавтай гараа доошлуулан тамхиа зуун асаагуураа асаасан байна. Гэтэл гал алдаж улмаар өрөөнд байсан хөнжил шатаж эхэлжээ. Улмаар гал асаж тэрээр түлэгдсэн байна. Галыг эхэндээ санаатайгаар шатаасан хэмээн гүрийж байсан ч мөрдөн байцаалтын явцад тамхи татах гэж байгаад гал гаргаснаа хүлээжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ