Улсын хэмжээнд 105 тэрбум 761 саяын хохирол учирчээ


Хулгайн төрлийн гэмт хэрэг буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Тэр дундаа гэмт хэргийн 39 хувь нь шөнийн цаг буюу 22.00-06.00 цагт, 25.3 хувь нь 14.00-19.00 цагийн үед гарч байгааг тэд онцолж байгаа юм.Гэмт хэрэгт холбогдогчид ихэнх нь залуус байгаа аж. Тодруулбал, 73.9 хувийг 18-39 насны залуучууд, 3137 буюу 14.1 хувийг эмэгтэйчүүд, 1122 буюу 5.5 хувийг насан хүрээгүй хүмүүс эзэлж байна.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 105 тэрбум 761 сая төгрөгний хохирол учиржээ. Энэ нь өнгөрсөн 2012 оныхоос 3 дахин их байгаа аж. Тэгвэл хохирол нөхөн төлүүлэлт 86 тэрбум 130 сая төгрөг болж 4.4 хувиар өсчээ. Тэгэхээр учирсан хохирлын нөхөн төлүүлэлт улсын хэмжээнд 70 хувьтай байгаа юм.
Мөн нийслэл хотод маань хөдөө орон нутгаас иргэд ирж суурьших явдал буурахгүй, барилга байгууламжууд ихээхэн баригдаж байгаа юм. Үүнтэй холбогдуулж хаягжилтын асуудал нэлээд их байгааг ЦЕГ-аас онцолж байна. Иргэд хаягжилтаа бүрэн хийлгээгүй мөн сайн мэдэхгүйбайгаагаас цагдаа нарын ажиллах шуурхай байдал алдагдаад байгаа аж. Тиймээс иргэд хаяг, байршлынхаа болон оршин суугаа газрынхаа талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй байна. Түргэн тусламжийн машин, галын машин, цагдаагийн үйлчилгээ очиход түргэн шуурхай байх нөхцөлийн бүрдүүлэх чухал юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ