Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах вэ

Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар энэ жил ямар бүтээн байгуулалтын ажил өрнүүлэхээ аймаг орон нутгийн удирдлагууд төлөвлөн гаргажээ. Иргэдийн оролцоо, шууд ардчилалын зарчмыг тусган хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа төсвийн тухай хуулийн хүрээнд тухайн орон нутагт амьдарч байгаа иргэд бүтээн байгуулалтынхаа ажилд өөрийн саналыг тусгаж байна. Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгуудад энэ жил өрнөх ажлын талаар сонирхоно уу.

Өмнөговь аймгийн хувьд боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэсэн дэд бүтцийг сайжруулах ажилд анхаарал хандуулах гэж байна. Эрүүл мэндийн салбарт 5,5 тэрбум, боловсролын салбарт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ноогджээ. Юуны түрүүнд иргэдийн эрүүл мэнд, боловсролд анхаарах нь хөгжлийн нэг төлөв гэж тус аймгийнхан харж байгаа юм.

Мөн энэ аймгийн иргэд гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах тал дээр анхаарах шаардлагатай гэж үзсэн учраас энэ чиглэлд ч нэлээд ажил төлөвлөжээ. Тухайлбал орон сууцанд орох бололцоотой айлуудыг орон сууцжуулах, үлдсэн гэр хорооллын айлуудад дэд бүтцийг нь сайжруулж өгөхийн төлөө ажиллах гэнэ. Тодруулбал 500 орчим айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Орхон аймгийн хувьд 2014 он их бүтээн байгуулалтын жил байх болно гэж байна. Засаг даргын мөрийн хөтөлбөр цааснаас амьдралд бууж хэрэгжих, ажлын голыг нугалсан жил байх болно гэж аймгийн удирдлагууд хэлж байгаа юм. 2014 оны хувьд иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажилд түлхүү анхаарал хандуулах бөгөөд орон сууцны хороолол дундах замыг шинэчлэх, олон жил урсгал засвар шаардаж, хөрөнгө мөнгө үрж байсан орон сууцны хорооллуудын дээврийг 5-10жилдээ дахин гар хүрэхээргүй болгож засварлах ажлын төлөвлөжээ. Мөн хот дотор нийтийн тээврийн үйлчилгээ сайжруулж, том оврын автобус явуулах, сургуулийн автобусны тоог нэмэх, гэр хорооллын орчныг бүхэлд нь гэрэлтүүлэгтэй болгох ажилд анхаарахаар болжээ.

Тус аймгийн удирдагууд 2013 онд Хүүхдийн цэцэрлэгийн хувьд мөн дотоод нөөц бололцоогоо ашиглаад хуучин зориулалтын цэцэрлэг байсан газруудыг өөр зориулалтаар ашиглаж байсныг болиулан 1000-аад хүүхдийг цэцэрлэгээр хангасан нь ард иргэдийн сайшаал хүртсэн гэнэ. Тэгвэл энэ ондоо уг ажлаа үргэлжлүүлэн хуучин цэцэрлэг байсан газруудыг шилжүүлэн, худалдаж авах замаар дахин 1000-аад хүүхдийг цэцэрлэгжүүлэх ажлыг зохин байгуулахаар болжээ.

Дархан-Уул аймгийн хувьд энэ онд дэд бүтэцдээ онцгой анхаарахаар шийджээ. УИХ энэ аймагт эрчим хүчний дэд бүтэц ажиллуулах чиглэлээр багагүй хөрөнгө мөнгө төсөвлөөд байгаа билээ.

Тус аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрчим хүчний яамнаас 3,5 тэрбум төгрөгөөр Дархан хотын 13,14-р хорооны нутаг дэвсгэрт шинээр төлөвлөгдпөж байгаа хорооллуудын цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Мөн засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан 1000 айлын орон сууц буюу засаг даргын мөрийн хөтөлбөрт суусан 5000 айлын орон сууцыг барих газрыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох ажил хийгдэх юм байна.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ