Царайлаг бүсгүй харахаараа барьц алддаг байж билээ

Хэдэн өдрийн өмнө надад нэг сонирхолтой бодол орж ирээд нэг талаас хөгжилтэй ч гэмээр энэхүү бодол маань энэхүү сэдэвийг нээхэд хүргэв ээ.
Царайлаг байх ач тустай юу. Ер нь ач тустай л байх, миний бодлоор. Ялангуяа эмэгтэйчүүд нь царайлаг байвал ажил бүтэх магадлал асар ихээр өсдөг шүү дээ. Өгзөг хөх рүү нь өндөлзөж харсан дарга нарыг өөдөөс нь аальгүйдүүхэн инээмсэглэж аясаар нь намилзаж баахан итгэл төрүүлж байгаад гарын үсгээ зуруулж аваад гараад явчихаж байгаа тохиолдол зөндөө.
Чадаж байна шүү дээ. Хаалгыг нь хаахдаа ажлаа амжуулчихсан л бол хамаг хэрэг бүтлээ л гэсэн үг. За тэгээд бөгс бөөрний явдал биш царайны тухай ярьж байгаа болохоор ингээд болъё.
Дээрх мэтээр царай сайтай хүн ажлаа амжуулж байгаа олон жишээг эргэн тойрноосоо харж л байлаа. Үнэхээр чадвар сайтай ч царай муутай, чадваргүй хэрнээ царайлаг хоёр бүсгүй ажилд орох гэхэд дийлэнх тохиолдолд царайлаг бүсгүйг нь сонгож байгаа нь энэ нийгмийн гажуудал гэлтэй. Эрчүүдэд ч бас хамааралтай ч эмэгтэйчүүдээ бодоход арай дөмөг юм.
Энэ нийгмийн гаж үзэгдэл нь эмэгтэй хүмүүсийг өөртөө итгэх итгэлгүй болгох, өнөө олон пластик мэс засал хийлгэж, мэс заслын орон дээр хэвтэхэд хүргэж байна. Гэвч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч нь болж өмнөхөөсөө ч дордож, насан турш хүний өмнөөс эгцлэн харж чадахгүйд хүрч байгаа эмгэнэлт явдал ч цөөнгүй. Манай хуучин ажлын дарга ажилдаа тун нарийн нямбай ханддаг, биднийг нэг юм аваад орвол арван талаас нь харах нь холгүй айхтар монди байсан. Тэгсэн хэрнээ царайлаг бүсгүй харахаараа үнэхээр барьц алддаг байж билээ.
Орчин үед бид өдөр тутмын амьдралдаа гаднах төрх ямар чухал болохыг бусдаар "хэлүүлдэг", юу вэ гэхээр царайлаг хүмүүс царайлаг хүмүүстэй хамт байх ёстой гэсэн ойлголтыг зар сурталчилгаа, ТВ, төрөл бүрийн постеруудаас харж болно. Нэг ёсондоо нийгэм бидний толгойд энэ ойлголтыг "бат" суулгаж өгсөн. Жишээ нь чи найзуудтайгаа хамт явж байхдаа үнэхээр "тасархай" охин харах үед найзууд чинь чамд зүүдлэх хэрэггүй залуу минь зүгээр өөртөө тохирсон хүнийг ол гэдэг байх.
Эргэн тойрны чинь хүмүүс, гэр бүлийнхэн чинь ч бас “эртхэн өөртөө тохирох юм олж ав, чамайг тоохгүй хүнийг мөрөөдөөд хэрэггүй” гэж бас хэлдэг л байх. Иймэрхүү буруу ойлголтууд, өөртөө итгэлгүй хүмүүсийн яриа, компаниудын бараагаа зарах гэсэн оролдлогуудаас үүдэн бид буруу мэдээллээр өөрсдийгөө цэнэглэдэг, түүн дээрээ дөрөөлж шийдвэрүүд гаргадаг. Гэхдээ одоо тэр хүмүүст “би өөрөө мэдье” гэж хэлэх цаг иржээ.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ