ЭМГЭНЭЛ


Бидний хайрт хань, аав, ах дүү, анд найз Бямбын Ариунбат 2013 оны 01-р сарын 05-ны өдөр өвчний улмаас таалал төгсч бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолоо.
Б.Ариунбат нь 1963 онд Улаанбаатар хотын “II төрөх”-д Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул Иш ноён овогт Даваахүүгийн Бямбын ууган хүү болон мэндэлж, 1970 онд нийслэлийн 18-р сургуульд орон, 1980 онд алтан медалтай төгсөж улмаар ЗХУ-ын Иркутск хотын их сургуулийн бэлтгэл курс, “Ростов на дону” хотын их сургууль, Политехникийн дээд сургуулийн Цахилгааны ангийг цахилгааны инженер мэргэжлээр дүүргэсэн билээ.
Тэрээр 1985 оноос Улаанбаатарын Цахилгаан Шугам Сүлжээний газарт монтер, байцаагч, инженер, Эрчим Хүчний Удирдах газарт инженер, ахлах мэргэжилтэн, Эрчим хүчний яаманд ахлах мэргэжилтнээр тус тус тасралтгүй 28 эрчим хүчний салбарт ажилласан.
Түүний улс эх орондоо байгуулсан гавъяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Ардын Хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медалиуд, Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одонгоор тус тус шагнан урамшуулсан юм.
Б.Ариунбат нь Монгол улсын эрчим хүчний салбарын найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангахад ухаан бодол, сэтгэл санаа ур чадвараа дайчлан, “Монгол тулганы гал”-ыг тасралтгүй бадраах түүчээ нь болсон чадварлаг мэргэжилтэн, бидний халамжит хань, хайрт аав, ах дүү, найз нөхөр минь байсан билээ.
Талийгаачийн хөдөлмөрч хичээнгүй, үнэнч шударга, тууштай зарчимч,оюунлаг эрхэм нандин зан чанар, эгэл даруу, нөхөрсөг гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн дурсагдах болно.
Ум сайн амгалан болох болтугай
Хайрт хань, үр хүүхдүүд, ах дүү, анд найз нараас нь
СЭТГЭГДЭЛ БИЧИХ