Хятадуудаас авлига авсан цагдаа нар Дээд шүүхэд хандлаа

Нийслэлийн Хэв журмыг хамгаалах газрын Хөдөлгөөнт эргүүлийн тасгийн У.Раднаабазар нарын таван албан хаагчийг хятадуудаас онц их хэмжээний авлига авсан гэх үндэслэлээр Баянгол дүүргийн шүүхээс У.Раднаабазар, Б.Батбаатар нарт таван жил нэг хоногийн хорих ял, 100 мянган төгрөгийн торгууль, Б.Төгсбаяр, Д.Энхбаатар нарт гурван жил таван сар хорих ял, 100 мянган төгрөгийн торгууль, Т.Ууганбаярт гурван жил таван сар хорих ял, 100 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн хэрэгт холбогдсон ганц эмэгтэй болох Ж.Оюунчимэгт таван жил нэг сарын хорих ялыг ногдуулсан юм. Тэгвэл тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан ялыг хэвээр үлдээсэн билээ. Тиймээс Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандсан байна. Дээд шүүх гомдлыг хүлээн авч, энэ сарын 8-нд хэлэлцэхээр болжээ.

Хэргийг сануулбал, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 10-наас эхлэн Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн Н.Раднаабазар нарын таван хаагчийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хориод байсан билээ. Тэд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас онц их хэмжээний хахууль авсан байдаг. Тухайн үед самар хууль бусаар ачиж яваа хятадуудын талаарх мэдээллийг иргэд өгсөн ч цагдаа нар газар дээр нь очоод самрын хууль бус наймаа эрхэлдэг хятадуудтай хуйвалдсан аж. Тодруулбал, хятадууд хэргийг нуух зорилгоор 40 сая төгрөгийг цагдаа нарт өгч самрыг ачуулж, хилээр гаргасан байдаг.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ