Ж.Цэцэгмаа: Өөрсдийнхөө төлөө явахгүй бол оройтох нь

НИТХ-ын захирамжийн дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийн ажлыг эхлүүлэхээр болж, ямар компаниар гүйцэтгүүлэх тухай санал асуулгыг өнөөдрөөс 12-ныг дуустал иргэдээс авч эхэлнэ. Харин аль хэдийн амьдрах шаардлага хангахаа больсон хуучны байрны оршин суугчид дахин төлөвлөлтөд хамрагдахын тулд өөрсдөө санаачлага гарган явж эхэлжээ. Ингээд БЗД-ийн иргэн Ж.Цэцэгмаатай ярилцав.

-Та байраа дахин төлөвлөлтөд хамруулахаар явж байгаа гэсэн үү. Дахин төлөвлөлтөд гэр хорооллыг хамруулж байгаа шүү дээ?

-Нийслэлийн засаг даргын тамгын газраас гэр хорооллын дахин төлөвлөлтөд анхаарлаа хандуулж байгаа болохоор хуучны орон сууцны иргэд бид өөрсдөө энэ асуудлыг хөөцөлдөхөөс өөр аргагүйд хүрээд байна.Манайх БЗД-ийн 16-р хорооллын Уланхуарангийн хуучин дээр үеийн сүүний 21 гэдэг генералуудын байр гэж нэрлэж байсан байранд амьдардаг. 1952 онд ашиглалтад орсон байр. Тэгээд байр маань амьдрах орчин нөхцөл, чанарын шаардлага хангахаа нэгэнт больсон. Энэ асуудал аль эрт яригдсан л даа. 2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас байцаагч очиж үзэж ийм дүгнэлт хийсэн. Уг нь болдог бол хуучны шаардлага хангахаа больсон байруудыг ч энэ дахин төлөвлөлтөд хамруулах хэрэгтэй байгаа юм.

-Дүгнэлт хийгээд акт тавиагүй юм уу?

-Акт тавих болчихсон. Тэнд чинь оршин суугчид нь амьдарч байгаа болохоор актлахаар тэр хүмүүс хаачих вэ. Акталсан тохиолдолд тэр байранд амьдарч болдоггүй юм байна билээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас байрны зураг хөрөг,хэмжээ, ашиглалтын хугацаа дууссан гэдгийг бичгээр Нийслэлийн засаг даргын тамгын газар луу явуулчихсан гэсэн. Тэнд яг ямар дүгнэлт очсон байгааг одоогоор бид мэдээгүй л байна. Ерөнхийдөө энэ дахин төлөлвлөлтийн ажилд иргэдийн өөрсдийнх нь санаачлага, итгэл зүтгэл их үр дүнтэй шүү гэж яригдаад байгаа. Тэр утгаар нь энэ асуудлаар хөөцөлдөж байгаадэнэ хуучны байраа дахин төлөвлөлтөд хамруулчих санаатай л явна даа.

-Байрны нөхцөл байдал ямар байна?

-Хүнд. Саяхан нэг телевизээс хүн очиж манай байрыг үзсэн сураг байсан.Тэндэхийн айл бүрээр ороход эвгүй үнэр танартай, шавар уначихсан, тааз нурчихсан. Шат, шал нь шаардлага хангахгүй. Сүүлийн үед шугам сүлжээ нь муудчихсан хуучин байр гээд СӨХ ч авахаа больсон. Хэрвээ авах юм бол засвар үйлчилгээ хийнэ, тэгээд иргэдээс өндөр төлбөр авна. Уг нь нэг СӨХ-тэй байж үзсэн. Гэтэл их өндөр төлбөр авдаг хэрнээ засвар хийдэггүй байсан болохоор больсон. Тэгээд СӨХ-гүй болчихоор тэнэмэл хүмүүс орц хонгилд хоноод, хаалга үүдийг нь эвдээд, шээж баагаад амьдралыг уламл хүндрүүлдэг. Тэгээд бидний хэдэн авгайчууд өөрсдөө орцоо цэвэрлэнэ, хаалга үүдээ янзлана. Ийм л байдалтай байгаа.

-Тэр байранд хичнээн оршин суугч байгаа вэ?

-30 айлын орон сууц. Зэргэлдээ гурван байшин. Манай тэнд одоо бүр ямар ч зай талбайгүй болчихсон. Хаашаа л харна барилга. Уг нь тэнд барилгын зөвгөөрөл олгодоггүй байлаа. Гэтэл одоо ингээд дүүрчихсэнийг бодоход болдогүй байсан зүйл болдог л болсон шиг байна. Иргэд бид өөрсдйинхөө төлөө явахгүй бол оройтоод байх шиг байна.Уг нь тэнд шинээр орон сууц бариад биднийг тийш нь шилжүүлээд харин бидний хуучин байшингийн газрыг худалдаж аваад барилга барьвал барилгын компаниудад ашигтай байх гэж бодоод байгаа. Манайх чинь гурван давхар гурван байр шүү дээ.

-Уг нь барилгын компаниудад ашигтай л санал байна даа?

-Газар дээр нь барилга барьвал хэдэн ч айлын орон сууц барьж болохоор. Тийм болохоор энэ санааг маань дэмжих, ийм сонирхолтой байгаа компани байвал бидэнд хэлж, холбож өгөөч гэсэн саналаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тавьлаа. Ер нь ганц манай байранд ч биш, Улаанбаатарт ашиглалтын хугацаа нь дууссан, хуучны байрууд зөндөө байгаа. Барилгын компаниуд уг нь оршин суушчидтай нь тохироод газар дээр нь шинээр байр барихад оршин суугчдад ч, барилгын компаниудад ч, хотын өнгө үзэмжинд ч эерэгээр нөлөөлнө. “Орчлон констракшн” ХХК гэхэдХУД-т манайх шиг болчихсон хуучны хоёр, гурван байр аваад өөрсдөө барилга бариад, иргэдийг нь шилжүүлж, газар дээр нь шинэ байр барьсан гэсэн.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ