Тахарын албанд тэтгэвэрт гарсан цагдаа, цэргийнхэн ажиллаж болно


Энэ сарын 1-нээс манай улсад шинээр хэд хэдэн хууль хэрэгжиж эхэлсэн. Харин өмнө нь байгаагүй шинэ тогтолцоог бий болгохоор Тахарын албаны тухай хууль батлагдаад байгаа юм. Энэ талаар Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хууль сахиулах бодлогын хэлтсийн дарга Г.Оюунболдтой ярилцлаа.
-Тахарын албаны талаар тайлбарлахгүй юу. Хүн бүр өөр өөр ойлголттой яваад байх шиг?
-Тахарын албыг хамгийн ойлгомжтойгоор хэлвэл Шүүхийн цагдаа гэж ойлгож болно. Монголд л цагдааг гэмт хэрэгтэй тэмцдэг хүмүүс гэж ойлгодог болохоос бусад улсад хууль сахиулагч гэж үздэг. Цагдаагийн үндсэн чиг үүрэг нь гэмт хэрэгтэй тэмцэж, нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэр гарсаны дараа тухайн хүнийг аваачиж ялыг нь гүйцэтгүүлж, эсвэл захиргааны арга хэмжээг нь албадан гүйцэтгүүлдэг. Харин Тахарын алба бол уг хоёр байгууллагын үйл ажиллагаанд оролцож, аюулгүй байдлыг хангана. Тухайлбал, цагдаа яллагдагчийг хуяглан хүргэж, шүүхийг хамгаалдаг байсан бол одоо Тахарын албаныхан энэ бүхнийг хийнэ. Тахарын алба нь хараат бус хууль сахиулах байгууллага юм.
-Тэгэхээр цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг Тахарын алба хянана гэсэн үг үү?
-Тийм. Мөрдөн байцаах шатанд гэрч, хохирогчид нөлөөлөх, нотлох баримт хуурамчаар хийх зэргийг Тахарын алба мөрдөнө гэсэн үг. Хэрэв хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гарвал түүнийг шалгаад прокурорт өгнө. Тахарын алба байгаа цагт шүүгч хэний ч нөлөөнд автаж чадахгүй. Хэрэв Тахарын алба шүүгчийг ямар нэг нөлөөнд орж байна гэж үзвэл шүүгчээ хамгаалах, эсвэл нөгөө этгээдийг шалгадаг. Ер нь нөгөө хоёр системээ хянана. Мөн шүүхийн өмнө хэнийг ч авчирч чадах хүчирхэг алба. Ямар ч өндөр албан тушаалтай, хаана байгаа хэнийг ч байсан шүүхийн өмнө авчирж чадна.
-Шүүгч хэний ч нөлөөлөлд автаж чадахгүй гэлээ. Хэрэв автвал яах вэ?
-Шүүгчид нөлөөлөхийг хориглосон. Хэрэв хэн нэгэн этгээд шүүгчид нөлөөлвөл шүүгч өөрөө нөлөөллийн тогтоол бичдэг болно. Тодруулбал, хэн нэг УИХ-ын гишүүн, төрийн албан хаагч албан тушаалаараа далайлгаж шүүгчид нөлөөлөхийг оролдвол шүүгч мэдэгдэл бичнэ. Магадгүй хэвлэл мэдээллийнхэн шүүгчид, тухайн хэрэгт нөлөөлөх зүйл бичвэл шүүгч түүний талаар гомдол ч мэдүүлж болно. Шүүгчийн бичсэн гомдлоор тухайн иргэнийг шалгаад захиргааны хэрэг үүсгэвэл торгоод, ноцтой бол эрүүгийн хэрэг үүсгэнэ.
-Тахарын алба Хууль зүйн яамны харьяалалд байхаар хэнээс ч хараат бус байж чадах уу?
-Шүүхэд хууль сахиулдаг хүчний байгууллагыг өгөх боломжгүй. Шүүх өөрөө хараат бус шийдвэрээ гаргах ёстой. Харин шүүхийн аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх нь Хууль зүйн яамны үүрэг. Тэгэхээр Тахарын алба яахын аргагүй Хууль зүйн яамны харьяанд байх ёстой. Гэхдээ Тахарын алба ХЗЯ-нд үйлчлэхгүй. Шүүхийн аюулгүй байдал, шүүхийн орчинд байгаа хүмүүсийг хамгаалж, хяналтаа тавих үүрэгтэй. Тахарын алба ХЗЯ-ны бодлого чиглэлийг барьж ажиллахаасаа гадна шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, шүүхийн захиргаатай хамтарч ажиллана.
-Ер нь Тахарын алба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагаас ямар ямар чиг үүргийг авч ажиллах юм бол?
-Цагдаагаас шүүхийг хамгаалдаг чиг үүргийг Тахарын алба хийнэ. Мөн ганц худаг руу шүүх хурлаас тухайн этгээдийг хүргэх, гэрч хохирогчийг хамгаалах, шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах үүргийг авч ажиллана. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шатанд эрэн сурвалжлах ажиллагаа буюу албадан авчрах үүргийг авсан. Түүнчлэн Прокурорын мөрдөн байцаах газрын шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгана.
-Эхний ээлжинд ШШГЕГ-ын байранд байрлана гэсэн. Ер нь яг хэзээнээс үйл ажиллагаагаа эхлэв юм бол?
-Тийм. Эхний ээлжинд ШШГЕГ-ын байранд үйл ажиллагаагаа эхэлнэ. Харин оны сүүлээр Тахарын Ерөнхий газрын байшин баригдах байх. Тахарын албыг байгуулах хууль, төсвийг УИХ баталчихсан. Засгийн газрын тогтоолоор Тахарын Ерөнхий газрыг байгуулаад улмаар Засгийн газрын тогтоолоор орон тооны дээд хязгаарыг нь тогтоож даргыг нь томилно. Үүний дараа ажилчдаа сонгон шалгаруулах ажил эхэлнэ.
-Даргад өрсөлдөх дөрвөн хүний нэр дуулдаж эхлэж байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Дарга нарын асуудлыг мэдэхгүй. Ерөнхий Тахарыг Хууль зүйн сайдын санал болгосноор Ерөнхий сайд томилно. Бусад гурван дэд даргыг Хууль зүйн сайд өөрөө мэдэж томилно.
-Мэдээж дарга нарт тавигдах шаардлага байгаа байх?
-Байлгүй яахав. Хууль сахиулах байгууллага буюу батлан хамгаалах салбарт 3-аас доошгүй жил ажилласан, 35 нас хүрсэн хүн байх ёстой. Хамгийн гол нь хүнтэй харьцаж, аюулгүй байдлаа хангаж чаддаг байх нь чухал.
-Мэдээж тусгай алба учраас өөрсдийн гэсэн дүрэмт хувцастай байх. Дүрэмт хувцасны загвар, эмблейм логогоо гаргасан уу?
-Шүүхийн хуягуудын хувцас жигд байх ёстой.Тахарын албаныхны бүх ажилчид өдөр тутам дүрэмт хувцас өмсөхгүй ч тодорхой танигдах тэмдэг, логотой, зориулалтын хамгаалалттай, тусгай зориулалтын хувцастай байна. Загварыг нь бол гаргачихсан байгаа.
-Боловсон хүчний асуудлыг хэрхэн зохицуулж байна. Тухайлбал, хөдөө орон нутагт Тахарын албанд ажиллах ажилчдын хувьд?
-21 тойргийн шүүх байгуулж байгаа нь Тахар, прокурор тойргын албанд шилжинэ. Тэгэхээр хөдөө орон нутагт байгуулагдах Тахарын албанд ажиллах иргэд тухайн орон нутагтаа амьдардаг байх чухал. Мөн Тахарын албандхуулийн байгууллагаас тэтгэвэрт гарсан, чөлөөлөгдсөн хүмүүсийг ажиллуулна.
-Тэгэхээр цагдаагийн болон цэргийн албан хаагчдаас тэтгэвэрт гарсан хүмүүс Тахарын албанд ажиллаж боломж нь нээлттэй юм байна?
-Тийм. Орон нутагт цагдаа болон цэргийн алба хаагчид эрт тэтгэвэрт гардаг. Бараг л 45 насандаа гарчихдаг байх. Гэтэл тэр хүмүүсийн бие бялдар боломжийн, хүн удирдаад сурсан, туршлагатай байдаг. Тиймээс дээрх шаардлагыг хангасан хүмүүсийг Тахарын албанд ажиллуулж болно гэсэн заалтыг Тахарын хуульд оруулсан. Тэгэхээр тэтгэвэрт гарсан хэрнээ бие бялдар, туршлагын хувьд сайн хүмүүсийг гэрээт ажилчдаар Тахарын албанд авч ажиллуулна.
-Гэрээт ажилчнаар гэхээр бага цалинтай авна гэсэн үг. Ер нь Тахарын албаныхны цалингийн хэмжээг тогтоосон уу?
-Мэдээж цагдаагийн байгууллага болоод шийдвэр гүйцэтгэгчийн байгууллагаас буурахгүй цалинтай байна. Харин гэрээт ажилчдын хувьд бага цалинтай ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс буурахгүй.
Ярилцсанд баярлалаа.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ