Ялтнуудад жилдээ 9 тэрбум гаруй төгрөг зарцуулдаг


Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Монгол Улсад нийт 25 хорих байдаг. Үүнийг дагаад урсгал зардал үргэлж гарч байдаг. Тиймээс эхний ээлжинд Улаанбаатар хотыг тойрсон 12 хорих ангийн арвыг нь нэгтгэх нь зүйтэй” гэж байв.
Нэгтгэж, нийлүүлнэ гэхээр л толгойд дандаа бүтэхгүй бодлууд орж ирээд байдаг болчихож. Угтаа энэ хэдэн жилд МАНАН, АНМАН энээ тэрээ гэж нийлж эвсэж, самарч цацалсаар байгаад энэ үгийг бөөн шороо тоос, холион бантан гэж ойлгогдохоор болгочихсон юм уу даа.
Шоронгуудыг нийлүүлээд цаана нь суларч үлдэх арваад хорих ангийн объектыг зарах замаар урсгал зардлыг төсөвт буцаан олгох юм гэнэ. Магадгүй сайдын зөв байж болох.
Гэхдээ Хууль зүйн яам зөвхөн зарлагаа танахын тулд энэхүү шийдвэрийг гаргасан байдаг. Тодруулбал, олон хорих ангид зарцуулж байгаа мөнгийг хоёр дахин багасгах зорилготой. Нэг ялтанд нэг сая 200 мянган төгрөг зарцуулдаг ба Монголд 8000 гаруй ялтан ял эдэлж байгаа гэхээр жилдээ есөн тэрбум 600 сая төгрөгийг тэдэнд зарцуулж байна гэсэн үг юм.
Энэ мөнгийг хэмнэх сайн талтай ч нийгэмд нөлөөлөх өөр сөрөг үр дагаврыг бодолцох л хэрэгтэй. Саяхан би шоронгоос суллагдсан ах хүүтэй хууч хөөрлөө.
“Шоронд хамгийн засаршгүй хүмүүс хулгайч нар байдаг. Тэд засрахаасаа илүүтэй харин ч хүрээллээ тэлж, дараагийнхаа төлөвлөгөөг боловсруулаад гардаг” гэсэн юм. Тэгэхээр арван хорих нэг газарт төвлөрснөөрөө ялтнуудыг хүрээллээ тэлэх, бусдадаа нөлөөлөх боломжийг илүү бүрдүүлж өгнө.
Гэхдээ нэг зүйлийг бодоё. Ялтнууд зүгээр суудаггүй. Тэд хийсэн хэргийнхээ төлөөсөнд эрх чөлөөгөө хасуулахын зэрэгцээ хөдөлмөр эрхэлж, нийгэмд учруулсан хохирлоо төлж барагдуулдаг. Тэгвэл дээр дурдсан ах хүүгээр жишээ авъя. Тэр хорих ангид барилгын ажил эрхэлдэг байсан гэх. Өдрийн 20 мянга, сард 600 мянган төгрөгийн орлоготой. Харин ШШГЕГ-аас түүнд сарын цалин гэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 198000 төгрөгийг нэрийн дансанд нь байршуулдаг. Үлдсэн 312000 төгрөг ШШГЕГ-ын орлого болж байгаа юм. Тэгэхээр энэ бүх тооцооллыг хийгээд үзэхээр хоригдлуудаас болж тэгтлээ алдагдалд ороод байгаа зүйлгүй. Тийм атал хорих ангийг нэгтгэнэ гэдэг утгагүй шийдвэр мэт.
Тиймээс энэхүү асуудлаар Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хууль сахиулах бодлогын хэлтсийн дарга Г.Оюунболдоос тодруулга авсан юм.
-Хорих анги нэгтгэх ажил ямар шатанд явж байна?
-Хотыг тойрсон 12 хорих анги байдаг.Хөдөө орон нутгийн хорих ангиудтай нийлээд 25. Нэг нь 100-гаад хүнтэй. Тэгэхээр эдгээр хорихыг нэгтгээд дөрвөн том хорих ангитай болгох гэж байгаа. Эхний ээлжинд 1000-1500 хүнтэй Ургах наран хорооллын ойролцоох хорихыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
-Төсвийг танахын тулд л хорих ангийг нэгтгэж байна уу?
-Хамгийн гол нь энэ олон хорих ангид зарцуулж байгаа мөнгийг хоёр дахин багасгах зорилготой.Яваандаа хоригдлуудыг бүгдийг ялгаварлалгүйгээр хөдөлмөр эрхлүүлж хохирлыг бүрэн төлүүлдэг болгоно. Адаглаад цагдан хорих 461-р ангиас нэг хориход хүн хүргэж өгөхөдбензиний мөнгө багагүй гардаг. Цаашлаад хоригдлуудын хоолны гурил, будаа, цахилгаан зэрэг нь төсөвт ихээр тусдаг.
Энэ мөнгө татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа. Үүнийг үр ашигтай зарцуулахын тулд төвлөрсөн дөрвөн хорих барихаар төлөвлөж байна.
-Дөрвөн хорих ангийг яг хаана, хаана барихаар төлөвлөж байгаа вэ?
-Ургах наран хорооллын ойролцоох хорих ангийг энэ ондоо багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа. Харин үлдсэн гурван хорих ангийг Баруун, Зүүн, Хойд бүсэд барина.
-Тэгвэл хуучин хорих ангиудын байрыг хэрхэх вэ?
-Хуучин хорих байруудыг үр ашигтай зүйлд зарцуулж, зарж, заримыг нь хувьчилж өөр дэд бүтцэд ашиглахболомжтой.
-Нийслэлийн төвлөрсөн хориходХүүхдийн хорих ч багтах уу?
-Хүүхдийн, дамжин хорихийг төвлөрсөн хориход шилжүүлэхгүй. Учир нь “хүүхдийн хорих” сургалт хүмүүжлийн тусгай байр нэршилтэй болж тусдаа өөр газар байлгана.Харин эмэгтэйчүүдийн хорихыг нэгдсэн хориход байршуулна.
-Чанга дэглэмтэй хорихуудыг нэгтгэлд хамруулах уу?
-Хүүхдийн хорихоос бусдыг нь нэгтгэнэ. Нийслэлд одоогоор гурван чанга дэглэмтэй хорих бий.
-Манай улсад хэчнээн хоригдол ял эдэлдэг вэ?
-Монгол Улсад одоогоор 8000 гаруй хүн ял эдэлж байгаа бол энэ оноос эхэлж хоригдлын тоог багасгах, хорих ялыг цөөн оноох бодлогыг барьж ажиллаж байгаа. Тиймээс ялын бодлогыг уян хатан болгож8000 хоригдлыг 4000 болгож цөөлөхөөр яригдаж байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ