“Би ер нь яах гэж Монгол Улсад дүлий болж төрсөн юм бол”

“Та намайг яах гэж дүлий болгож төрүүлсэн юм. Хараагүй байсан бол би тэр паралимпод нь орж улсдаа ч нэртэй явах байлаа. Би ер нь яах гэж Монгол Улсад дүлий болж төрсөн юм бол. Дэлхийн өөр оронд дүлий болж төрөөд олимпод орж, медаль авсан бол надад ингэж хандахгүй байсан. Би болон миний гэр бүл дутах зүйлгүй сайхан амьдарч байх байсан” хэмээн уйлж байсан хүн бол МУГТ Д.Очбадрал.

Тэрбээр арга ядаад ийнхүү нулимс унагасан.

Түүний хувьд 2009 оны есдүгээр сарын 5-15-ны хооронд Тайваний Тайбэй хотод болсон “Deafl ympics” буюу “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны XXI олимп”-ийн жүдо бөхийн 73- 81 жинд алтан медаль хүртсэн. Мөн өнгөрсөн долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 12- нд Болгар Улсад болох Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны XXII олимпод тавдугаар байр эзэлсэн амжилт үзүүлсэн нэгэн.

Гэтэл олимп, дэлхийн аваргаас медаль авсан тамирчид сар бүр тэтгэмж авах зарлиг түүнд үйлчилсэнгүй. Тэрбээр энэхүү урамшуулалд хамрагдах хүсэлтэй байгаагаа холбогдох байгууллагад уламжилсан боловч “Хулхи олимпод оролцсон байна” гэсэн хариуг л авчээ. Дэлхийн нэр хүнд бүхий олимпод оролцож алтан медаль авчирсан нь үнэн байтал одоог хүртэл нэг ч төгрөгийн урамшууллыг төр засгаас олгоогүй байна. Яагаад гэвэл монголчууд бидний мэддэггүй Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимпод оролцсон учраас тэр юм.

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимп гэж юу вэ?

Олимпийн анхдугаар наадам буюу Афины олимпоос хойш 28 жилийн дараа Францын иргэн Eugene Rubens Alcais гэгч 1924 онд санаачлан “Deafl ympics” буюу “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимп”-ийг Францын нийслэл Парис хотноо анхлан явуулж эхэлсэн.

Хоёр зуун дамжин уламжлагдан ирсэн тус олимп нь дэлхийн хэмжээнд хоёрт ордог спортын наадам бөгөөд дөрвөн жилд нэг удаа болдог. Зун болон өвлийн гэсэн спортын төрлөөр зохиогддог юм.

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны олимпийн төрөлд таеквондо, жүдо, теннис, усанд сэлэлт, чөлөөт бөх ордог бол өвлийн олимийн төрөлд нь цана, мөсний хоккей гэсэн төрлүүд багтдаг байна. Анхны Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимпод Европын холбооны есөн орны 148 тамирчин оролцжээ.

Харин Сонсголын бэрхшээлтэй иргэдийн өвлийн олимпийг анхлан 1949 онд Австри Улсын Зеефельд хотноо зохион байгуулжээ. Энэхүү олимпийг 1924-1965 он хүртэл “Олон Улсын Сонсголын бэрхшээлтэй иргэдийн наадам”, 1966- 1999 онд “Дэлхийн чимээгүй наадам” хэмээж байсан бол 2000 оноос эхэлж “Deafl ympics” буюу Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимп хэмээн олон улсад нэрлэх болжээ.

Уг олимпийг “the International Olympic Committee” буюу Олон улсын олимпийн хорооноос зохион явуулдаг. Монголд төдийгүй дэлхийн зарим оронд Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимпийг Паралимп буюу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн пара олимптой андуурах тохиолдол бий.

Олон улсын олимпийн хороо эхэндээ Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимпод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгалгүй оролцуулдаг байжээ. 1960 онд болсон Финляндын Хелсинк хот дахь Олон улсын олимпийн хороо,

Олон улсын дүлий иргэдийн спортын хорооны бага хурлаар Paralympics буюу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Паралимп, “Deafl ympics” буюу Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимп хэмээн ялгаж зохиохоор болсон байна.

Учир нь сонсголын бэрхшээлтэй тамирчид шүүгчийн үг, хонх зэргийг сонсож чаддаггүй зэрэг олон шалтгааны улмаас тус тусдаа зохиогдох болжээ. Ингэснээр паралимпод харааны болон бие эрхтэн тахир дутуу хүмүүс, дефлимпикст зөвхөн сонсголын бэрхшээлтэй тамирчид оролцох болжээ. Сонсголын аппарат зүүсэн хүмүүсийг тус олимпод оролцуулдаггүйгээрээ онцлогтой.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ