Алдагдсан, адлагдсан монгол генералууд

Монгол Улс өдгөө 84 генералтай гэнэ. Тэдний дөрөв нь аавын хүүгийн бахархал, хүндлэлийг хүлээсэн цэргийн дээд цолоо хураалган аавын хаалга татчихлаа.
Ардчилал ялснаас хойш генерал Ж.Баатар Ц.Нямдоржийг хятадын тагнуулын байгууллагатай холбоотой хэмээн зарласнаас болон улсын нууц задруулсан хэргээр генералуудаас анх түрүүнд шоронгийн хаалга татсан.
Араас нь Онцгой байдлын газрын дарга асан, генерал П.Даш бусдын өмч хөрөнгийг шамшигдуулсан хэргээр ял сонссон бол Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Ч.Амарболд долдугаар сарын 01-ний гэх тодотголтой хэргээр өдгөө ял эдэлж буй.
Үүгээр генералууд аавын хаалга татах явдал дууссангүй. Уржигдархан бригадын генерал Т.Дашдэлэг 3.5 жилийн ял сонсож шүүхийн танхимаас шууд ачигдсан юм.
Зэвсэгт хүчний жанжин штабын агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч хүн агаарын дайснаас хамгаалах онгоцоо задлаад, юутай хээтэй нь зарчихна гэхээр нэг л сэтгэлд багтамгүй. Ийм тохиолдол дэлхийд ч ховор байх.
Ирэх жилд агаарын хүчин үүссэний 90 жилийн ой болох гэж байдаг. Командлагч нь өргөсөн тангарагтаа үнэнч байж чадалгүй онгоцоо харьд худалдчихсан гэсэн таагүй түүхтэй л ойгоо угтах нь дээ.
Эх орныхоо өмнө өргөсөн тангарагаа умартан зэвсэг техникээ хил дамнуулан худалдаад зогсохгүй, цаад худалдан авагчдаа хүртэл хулхидчихсан гэж байгаа.
Умард Солонгосын талаас өчнөөн сая доллар шилжүүлээд байхад сөнөөгч онгоцны мотор нь ирэхгүй байна хэмээн манай Засгийн газарт хандсанаар нэг л өдөр энэ хэрэг илэрсэн гэх.
Яагаад л тангарагтнууд элдвийн хэрэгт орооцолдоод байна даа. Эрүүл мэнд, хууль хүчний салбарынханд төр түмнийхээ төлөө өргөсөн тангараг нь мөнгөний өмнө аманд орсон шившлэг төдий болж хувирдаг цаг бололтой.
Ял сонссон генералууд дахин мөрдэсээ зүүхгүй. Сүр бараатай генерал хувцсаа өмсөхгүй.
Улс төрд хутгалдаж, авлига, мөнгөний хэрэгт орооцолдсон тэд эх орноосоо алдагдсан хүмүүс, алдагдсан генералууд гэх...
Хайран ч генералууд минь.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ