Хадам л бол хадам байдаг юм байна

Би гэр бүлтэй болоод найман жил өнгөрч байна. Нөхөр маань ажлаа хийгээд би хүүхдүүдээ хараад гэртээ нэг хэсэг байсан. Мэдээж хэрэг гэртээ байхдаа гэрийн ажлаа амжуулаад, нөхөртөө анхаарал тавихаас өөр юу хийх билээ. Хадмуудтайгаа гайгүй таарамжтай байдаг байсан.
Тэгтэл өнгөрсөн жилээс ажилд ороод бид хоёр хоёулаа л завгүй болж гэр орны ажил заримдаа алдагдаж, хүүхдүүдээ хадмууд дээр үлдээх нь ихэссэн. Гэхдээ мэдээж тэдний тусламжийг өдөр бүр авдагүй л дээ. Тэгсэн одоо бүр надад дургүйцлээ илт илэрхийлж, их муухай хандах болсон. Хүүхдүүдээ гэрээс нь ороод аваад гарахын хооронд хэлэх хэлэхгүйгээрээ л дуудуулж загнуулж байна. Олигтой мөнгө олдог ч юм шиг, гадуур тэнэх хэнээтэй гэх мэтээр хэлнэ. Хүүгийнхээ хүүхдүүдийг зарим өдөрт хараад өгчихөд болохгүй зүйл баймааргүй юм. Тэднээс тусламж гуйхгүй гэхээр бас ажил арай амжихгүй юмаа. Яах ёстой юм бол оо.
Сэтгэл зүйч:
Хадам бэрүүдийн харилцаа олон зүйл дээр зөрөлддөг. Таны хадмын хувьд өөрийг тань гэрт байлгаж хүүхдүүдээ асарч, нөхрийнхөө сайн ар тал нь байх ёстой гэсэн үзэл бодолтой хүн юм шиг байна. Гэнэт танд эвгүй аашилж эхэлсэн биш, харин та өмнө нь түүний хүссэнээр байсан учир одоо гаргаж байгаа занг нь илүү мэдрэмтгий хүлээж авч байж болох юм.
Монгол гэр бүлүүд ээж аавынхаа тусламжтайгаар амьдрах ёстой гэсэн бодолтой байдаг учир хүүхдүүдээ харуулах нь үүрэг нь гэж боддог. Үнэхээр бие даасан гэр бүл болохыг хүсч байгаа бол та нөхөртэйгөө ярилцаад өөрсдөө бүх ачааллаа хувааж асуудлаа шийдэх гэж үзээрэй гэж зөвлөе.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ